Саудын Араб газрын тосны зах зээлийг тогтворжуулна

Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

Саудын Араб газрын тосны зах зээлийг тогтворжуулна

Саудын Араб, Иран улсын хооронд хүчтэй тэмцэл өрнөсөөр олон оныг үдэж байна. Өнгөрсөн хавар Арабын орнуудад ардчиллын төлөөх жагсаал цуглаан өрнөж, ард иргэд нь эрх баригчдаа эсэргүүцэн бослого гаргасан билээ. Өнгөн дээрээ ардчиллын тухай ярьж байгаа боловч энэ бүхний цаана Саудын Араб, Иран улсын тэмцэл өрнөж байна хэмээн цөөнгүй ажиглагч дүгнэсэн юм. Саудын Арабын хувьд Ираны цөмийн зэвсгээс цэрвэдэг. Энэхүү болгоомжлол нь даамжирсаар тус улс Тегераныг хүнд байдалд оруулахын тулд зах зээл рүү их хэмжээний газрын тос нийлүүлж магадгүй болжээ. Цөмийн зэвсэг, газрын тос хоёр хоорондоо ямар холбоотой вэ.

Сүүлийн хэдэн долоо хоногийн турш Саудын Араб, Иран улс хоорондын тэмцэл илт ажиглагдах болсон. Ялангуяа Йеменд бослого гарч, эрх баригчдаа унагах гэсэн ард иргэдийнх нь жагсаал, цуглаан идэвхжсэн нь энэ хоёр орны зөрчил туйлдаа хүрснийг илтгэж байв. Хамгийн сүүлд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг тогтвортой болгохын тулд ОПЕК түүхий эдийн нийлүүлэлтээ нэмэх санал тавьсныг Иран улс болиулж чадсан юм. Түүний хариу болгож, Саудын Арабын Засгийн газар нөөцөө ашиглаж, газ­рын тосны нийлүүлэлтээ нэмэхээр шийджээ. Саудын Арабын ханхүү Турки Аль-Файсал “Иран улс цөмийн зэвсэг амжилттай үйлдвэрлэж магадгүй” хэмээн болгоомжилж байгаагаа хэлсэн байна. Тиймээс Ираны Засгийн газрыг дампууруулж, газрын тосны худалдаагаар олох ашгийг нь бууруулах алхам хийж байгаа бололтой. Саудын Арабын төлөөлөгчид АНУ, Их Британийн албаны хүмүүстэй уулзах үедээ энэ тухай дэлгэрэнгүй ярьжээ. Уг нь Олон улсын эрчим хүчний агентлагийн шинжээчид өнгөрсөн хавар Иранд судалгаа хийж, тус улс цөмийн зэвсэг үйлдвэрлэх зорилгоор ураны баяжуулалт хийгээгүй гэдгийг нотолсон. Гэхдээ Саудын Арабын Засгийн газар тэдэнд итгэхгүй байгаа бөгөөд Ираны эрх баригчид энхийн зорилгоор цөмийн салбараа хөгжүүлээгүй гэдгийг нотолсоор байна. Тиймээс газрын тосны зах зээлээр дамжуулан тэдэнд нөлөөлөхийг оролдож эхэлжээ. Одоогийн байдлаар, Саудын Араб өдөрт дөрвөн сая баррель газрын тос нийлүүлэлтэд гаргана хэмээн таамаглаж байгаа. Энэ нь Тегераны эрх баригчид түүхий эдийн зах зээлээр дамжуулан ашиг олж байгаа явдлыг зогсоох юм. Ираны Засгийн газар үүнд ямар хариу барих нь тодорхойгүй байна. Ямартай ч хэрэв Саудын Араб нийлүүлэлтээ нэмбэл газрын тосны үнэ олон улсын зах зээл дээр буурах нь тодорхой болно.

Газрын тосны худалдааг ам.дол­лараар хийдэг учир ам.долларын ханш суларвал уг түүхий эдийн үнэ дагаж буурдаг жишиг бий. Гэвч сүүлийн үед Ойрхи Дорнодод болж буй үймээнээс хамаараад үнэ нь өссөөр байгаа юм. Олон улсын эрчим хүчний форум уулзалт саяхан   болсон. АНУ, Хятад, Энэтхэг, ОХУ, Бразиль, Япон тэргүүтэй дэлхийн 80 гаруй орны төлөөлөл оролцсон  энэхүү форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Ноё ван Халст “Дэлхийн газрын тосны зах зээл энэ оны хоёрдугаар хагаст нийлүүлэлтээр тасрахгүй” хэмээн онцолжээ. Өөрөөр хэлбэл, газрын тосны нийлүүлэлт ихсэх учир үнийн хөөрөгдөл газар авахгүй гэсэн үг юм. Энэ нь Саудын Арабын Засгийн газрын бодлоготой шууд хамааралтай.

Нийлүүлэлт тасалдсанаас болж Лондонд төвтэй “ICE” түүхий эдийн бирж дээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд брэнт маркийн нэг баррель газрын тосны үнэ 127.02 ам.доллар болж, сүүлийн 2.5 жилд байгаагүй дээд амжилт тогтоосон билээ. Тухайн үед Ливид үймээн дэгдсэнээс болж, тус улсын газрын тосны экспорт тасалдаад байсан юм. Түүний дараахан Сири, Йемен, Египет зэрэг оронд үймээн гарсан нь асуудлыг улам бүр даамжруулсан. Газрын тосны үнэ буураагүй боловч хэрэглэгчид болон үйлдвэрлэгчдийн хувьд зах зээлд итгэх итгэл нь сэргэж, нөхцөл байдал харьцангуй тогтворжиж эхэлжээ.

Ямартай ч өчигдрийн байдлаар Нью-Йоркийн Худалдааны бирж дээр ирэх наймдугаар сард нийлүүлэлтэд гарах лайт, свит маркийн нэг баррель газрын тосны үнэ бага зэрэг буурч, 90.61 ам.доллар болсон байна. Харин ирэх есдүгээр сард худалдаанд гарах нэг баррель газрын тосны үнэ 91.17 ам.доллар болжээ. Лондоны “ICE” түүхий эдийн бирж дээр брэнт маркийн нэг баррель газрын тосны үнэ 87 центээр өсч, 105.99 ам.доллар болсон байна. ОПЕК-ын гишүүн орнуудаас нийлүүлж буй түүхий эдийн үнийн дунджийг харьцуулахад нэг баррель газрын тосны үнэ 101.56 ам.доллар байгаа аж.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж