Монгол, Украины Ерөнхийлөгчид өргөтгөсөн хэлэлцээ хийв

Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

Монгол, Украины Ерөнхийлөгчид өргөтгөсөн хэлэлцээ хийв

Украин Улсад Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, гэргий Хажидсүрэнгийн Болормаа нар зургадугаар сарын 29-ний өдөр буюу өчигдөр Киев хот дахь Нэр нь үл мэдэгдэх дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтах ёслол Украины Ерөнхийлөгчийн ордонд болов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Украин Улсын Ерөнхийлөгч В.Ф.Янукович нар ганцаарчлан уулзаж хоёр орны харилцааны асуудлаар санал солилцлоо. Ганцаарчилсан уулзалтын дараа хоёр Ерөнхийлөгч, хоёр талын албан ёсны төлөөлөгчдийн хамт албан ёсны өргөтгөсөн хэлэлцээ хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, найрсаг дотноор хүлээн авч байгаа Украин Улсын ард түмэнд болон, Ерөнхийлөгч В.Ф.Януковичд талархаад, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

 “Манай хоёр улс хөдөө аж ахуй, боловсрол, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааны уламжлалтай бөгөөд энэ харилцааг сэргээж хөгжүүлэх боломжтой. Бид танай улстай  хөдөө аж ахуй, машин тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, эрчим хүч, уул уурхай, барилга болон боловсролын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой байна. Худалдаа эргэлтийг нэмэгдүүлэх нь хамтын ажиллагааны нэн тэргүүний зорилт бөгөөд, манай хоёр улс аль аль нь Олон улсын худалдааны байгууллагын гишүүн орон учраас энэ хүрээнд худалдааг нэмэгдүүлэх яриа хэлцлүүдийг идэвхжүүлэх боломжтой юм.  Энэ талаар Засгийн газар хоорондын комиссын ярьж хэлэлцэж буй ажлуудыг үр дүнтэй болгох нь чухал. Энэ айлчлалын хүрээнд Украины талтай худалдаа бизнес эрхлэх сонирхолтой монголын бизнес эрхлэгчид олон ирлээ. Тэд украины талтай бизнесийн хэлхээ холбоо тогтоож, харилцан ашигтай яриа хэлцлүүдийг хийнэ гэдэгт итгэлтэй байна.

Манай улсын олон зуун шилдэг сэхээтэн, боловсон хүчин  Украинд дээд боловсрол эзэмшсэн. Энэ нь хоёр орны харилцааг өргөжүүлэх хөгжүүлэх сайхан суурь болох бөгөөд, цаашдаа украинд сурах оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байна. Ялангуяа манай улсад өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ, шаардлагыг харгалзан  цөмийн эрчим хүч, хөдөө аж ахуй, технологийн чиглэлээр сургах сонирхолтой. Түүнчлэн хоёр улсад харилцан ЭСЯ нээж ажиллуулах нь манай хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой болох юм” хэмээн ярив.

Ерөнхийлөгч В.Ф.Янукович, Украин Улсад Төрийн айлчлалаа амжилттай хийж буйд нь  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархал илэрхийлээд, Ерөнхийлөгчийн ярьсан асуудалтай санал нэг байгаагаа хэлэв.

 “Хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Та бид хоёрын ярьсан , санал солилцсон асуудлууд өнөөдөр баримт бичгүүдэд тусч байгаад би сэтгэл хангалуун байна. Манай улс монголтой уул уурхай, ашигт малтмал, хөдөө аж ахуйн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой. Монгол бол ашигт малтмалын томоохон нөөцтэй, харин бид олборлох боловсруулах өндөр технологитой. Боловсролын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, оюутны тоог нэмэгдүүлэх Таны саналыг бид хүлээн авч байна. Өнөөдрийн байдлаар манай улсын Засгийн газрын тэтгэлгээр монголын 20 оюутан сурч байна. Энэ тоог 10- аар нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Манай хоёр улсын хооронд өмнө зурагдсан баримт бичгүүдийн дагуу ажил хэргийг эрчимжүүлэх  шаардлагатай гэж бодож байна. Хоёр улсад Элчин сайдын яам нээж ажиллуулах нь харилцаанд чухал үр нөлөөтэй байх болно гэдэгтэй санал нэг байна. ” гэлээ.

Хэлэлцээний үеэр, хоёр орны харилцааны болон бус нутаг, олон улсын хэмжээний бусад асуудлаар мөн ярилцсан. Өндөр дээд хэмжээний яриа хэлцлийг тогтмолжуулах нь харилцаа хамтын ажиллагаанд чухал нөлөөтэй болохыг харилцан нотлов. Ерөнхийлөгчид аюулгүй байдал, батлан хамгаалах салбар дахь хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхийг дэмжиж, Монгол, Украины цэрэг, техникийн хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн Засгийн газар хоорондын комиссын түвшинд дагнасан механизм байгуулах шаардлагатай гэж үзэв.

Монголын мал ажуй эрхлэх, украины газар тариалан эрхлэх туршлагыг харилцан солилцож, нэвтрүүлж, энэ чиглэлээр тодорхой ажлууд хийх, тухайлбал монголын байгал цаг агаарт тохирсон үр гаргах, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд украины талаас оролцох зэрэг асуудлаар ярилцав. Монгол нь нүүрсний арвин нөөцтэй орны хувьд Украин Улсын нүүрс боловсруулах туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр ажиллахыг судалж үзэхээр болов. Мөн түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монголын үзэсгэлэнг Украинд гаргах гэх мэт санаачилгуудыг дэмжих нь чухал гэж үзлээ.

Хэлэлцээнд, Монголын талаас УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Монгол Улсаас УкраинУлсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Дамбийням, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Монгол-Украины ЗГХК-ийн монголын хэсгийн дарга Л.Болд, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ц.Амгаланбаяр, Гадаад харилцааны яамны хөрш орнуудын газрын захирал О.Энхтөр нар оролцов.

Украины талаас, ЕТГ-ын дарга С.В.Лёвочкин, Гадаад хэргийн сайд К.И.Грищенко, Ерөнхийлөгчийн зөвлөх, ЕТГ-ын Олон улсын харилцааны газрын дарга А.И.Гончарук, Ерөнхийлөгчийн зөвлөх, ЕТГ-ын Төрийн ёслолын газрын дарга Ю.А.Ладный, Украин Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ю.В.Костенко, Эрчим хүч, нүүрсний аж үйлдвэрийн сайд Ю.А.Бойко, Батлан хамгаалахын сайд М.Б.Ежель, Боловсрол шинжлэх ухаан, залуучууд, биеийн тамирын сайд Д.В.Табачник, Онцгой байдлын сайд В.И.Балога, Соёлын сайд М.А.Кулиняк, Хөдөө аж ахуйн бодлого, хүнсний сайд М.В.Присяжнюк, Хөрөнгө оруулалт, үндэсний төслүүдийг удирдах газрын дарга В.В.Каськив, Үйлдвэрчид, бизнес эрхлэгчдийн холбооны Ерөнхийлөгч А.К.Кинах, Эдийн засгийн дэд сайд, Украин-Монголын ЗГХК-ийн Украины талын дарга В.Е.Мармазов, “Укроборонпром” төрийн өмчит компанийн Ерөнхий захирал Д.А.Саламатин, ГХЯ-ны 6-р газрын захирал И.З.Полиха нар оролцлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж