
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Өмнөд ба Хойд Суданы маргааны бай болсон Абьей хотын ойролцоох районд шинээр энхийг сахиулагчдыг илгээх нь зүйтэй гэж санал нэгтэйгээр дэмжлээ. “НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нь Абьей районд аюулгүй байдлыг хангах захиргааны түр хугацааны үйл ажиллагааны тухай Судан улсын Засгийн газар ба Суданы ардын чөлөөлөх хөдөлгөөн хоёрын байгуулсан гэрээг анхааралдаа аван зургаан сарын хугацаанд НҮБ-ын түр хүчнийг байгуулахаар тогтоолоо” гэж НҮБ-ын сайтад нийтэлсэн тогтоолд өгүүлжээ. Тохиролцоог Африкийн холбооны зуучлалаар өнгөрсөн долоо хоногт хийсэн байжээ.
Районоос цэргийн хүчнийг татсаны дараа НҮБ-ын энхийг сахиулагчдыг зургаан сарын хугацаатайгаар байрлуулах юм. Энэ тогтоолын дагуу 4200 энхийг сахиулагчдаас гадна түр хугацааны хүчний бүрэлдэхүүнд 50 цагдаа ба иргэний удирдлагын хүмүүс байх ажээ. Одоо тэнд байгаа НҮБ-ын хүчнээс энэ нь дөрөв дөхин их байх ажээ.
Энхийг сахиулагчдын үүрэгт уг бүсээс Суданы зэвсэгт хүчин болон Ардын чөлөөлөх армийнхныг гаргахад хяналт тавих явдал орж байна. Энэ жилийн тавдугаар сард гурав хоног бүслэн хаасны дараа Хойд Суданы арми мужийн нийслэл Абьей хотыг эзэлснээр нефтиэр баян бүсийн төлөөх хоёр Суданы олон жилийн сөргөлдөөн хурцадсан. Их буугаар буудах үеэр НҮБ-ын энхийг сахиулагчдын гол байр нэрвэгдэж, хоёр энхийг сахиулагч шархтсан юм.
Хойд Суданы довтолгооны улмаас 80 мянган хүн гэр орноо орхин өмнө зүгт дүрвэсэн тухай Өмнөд Судан дараа нь мэдэгдсэн байна. Сарын дараа НҮБ-ын оролцоотойгоор хоёр тал эвлэрэхээр тохиролцсон ч НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Сьюзан Райсын хэлснээр тэнд байдал “маш эмзэг байгаа” гэнэ.
Өмнөд Судан тусгаар тогтнолоо албан ёсоор ирэх долдугаар сарын 9-нд зарлахын өмнө хоёр Суданы сөргөлдөөн хурцадсан байна. Өмнөд нь нэг мөр хойд хэсгээс тусгаарлах талаар энэ жилийн нэгдүгээр сарын бүх нийтийн санал асуулга явуулахад санал өгсөн хүмүүсийн 98 хувь нь тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн.
Тэр үеэр маргаантай газар нутаг аль талд нь очих вэ гэдгийг нутгийн нүүдэлчин нэг омгийн асуудлаас болж шийдэж чадалгүй хойшлуулсан юм. Өмнөд Судан тусгаар тогтнолоо тунхагласан ч гэсэн энэ асуудал нээлттэй үлдэнэ. Одоогоор энэ асуудлыг шийдэх гээд хэрэггүй хэмээн НҮБ үзэж байгаа.
Абьей хэнийх вэ гэсэн асуудал өмнөд ба хойд талууд 2005 онд гал зогсоох ээлжит хэлэлцээрийг байгуулсны дараа гарч ирсэн билээ. Тэгэхэд талууд уг асуудлыг бүх нийтийн санал асуулгаар шийднэ гэж байлаа. Дараа нь тэнд НҮБ-ын 10 мянган хүнтэй энхийг сахиулагчид байрласан юм. Өмнөд Суданыг албан ёсоор тунхагласны дараа тэд тэндээс гарах ёстой.