Тэмцэгчдийн гэргий нар холбоо байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Тэмцэгчдийн гэргий нар холбоо байгууллаа

                              
“Гал үндэстэн” холбооны гишүүд дэмжигчид, тус холбоонд нэгдсэн бүлхэмийн төлөөлөл, цагдан хоригдож буй хөдөлгөөнийхний  ар гэрийнхэн өнөөдөр сэтгүүлчдэд  хандлаа. Учир нь Ц.Мөнхбаяр тэргүүтэй долоон хүнийг цагдан хорьсон явдлыг эсэргүүцэж, “Гал үндэстэн эмэгтэйчүүдийн холбоо” байгуулж, хууль хяналтын  байгууллагад шаардлага хүргүүлэх болсноо дуулгалаа. Мөн Монгол Улсын Засгийн газарт таван шаардлага хүргүүлж байгаагаа онцолж байв. Тус шаардлагад “Эх орныхоо төлөө амь нас, эрх чөлөөгөө золиослон тэмцэж байгаа иргэдээ нэн даруй суллах, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийг нэн даруй хэрэгжүүлэх, алт олборлож байгаа компаниудын үйл ажиллагааг Ашигт малтмалын газар, БОАЖЯ, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй компаниудын үйл ажиллагааг таслан зогсоох, хууль зөрчин ажиллаж буй компаниуд Монгол орны газрын хэвлийгээс хэдэн төгрөгийн ашиг олсноо зарлах, эдгээр компани Монгол улсад хэдэн төгрөгийн татвар төлснийг Татварын газар, Монгол банкинд хэдэн кг алт тушаасныг Монгол банк олон нийтэд зарлах, байгаль орчинд учруулсан хохиролын үнэлгээг яаралтай хийж зарлах, Монголын Засгийн газар хамтарч алтны уурхай бүхий нутгуудад амьдарч байгаа, амьдарч байсан хүмүүсийн эрүүл мэнд, амь амьжиргаа хэрхэн хохирсон хохирлыг судлан тооцож гаргаж нийтэд мэдээлэхийг шаардаж байна” гэжээ.

“Гал үндэстэн эмэгтэйчүүдийн холбоо” цаашид Тэргүүн хатагтай, УИХ, Засгийн газар, театрууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон улсын худалдааны төвүүд, хотын бүх дэлгүүр, төрийн болон төрийн бус байгууллагууд, сургууль, цэцэрлэгүүд, бүх аймаг, сумдад очиж, эгнээндээ нэгдэх хүмүүсийг уриалан дуудах аж. 

Энэ үеэр “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаярын гэргий Д.Доржбатаас зарим асуултад хариулт авлаа.

-Та нөхрөө саатуулагдсанаас хойш уулзсан уу?

-Уулзаж чадаагүй л явна. Өвөрхангайгаас баривчилж ирээд хаанаа хорьсон нь мэдэгдэхгүй байсан. Мөрдөн байцаагч нь 14 хоногийн дараа уулз гэж байна лээ. Удахгүй өмгөөлөгч авч зөвлөгөө аваад эргэж очно гэж бодож байна.

-Яагаад хэвлэлд хандах болов?

-Манай нөхөр байгаль орчноо хамгаалах чиглэлээр сүүлийн арав гаруй жил тасралтгүй тэмцэж байна. Манай нөхрийн хөдөлмөр зүтгэл, байгаль орчноо гэсэн чин сэтгэл, үүний төлөө хийсэн бодит үр дүнг нь Монголд байтугай дэлхийд үнэлсэн юм. Олон улсын хэмжээний нэр хүндтэй шагнал авсныг та бүхэн мэдэж байгаа байх. Гэтэл Монгол Улс байгаль орчноо хамгаалахын төлөө амьдрал, сэтгэл зүрхээ зориулж, тэмцэж, хуулийг хэрэгжүүлэхийн төлөө явсан хүнээ хууль бусаар барьж хорьлоо. Бид гэр бүлээрээ хийж байгаа тэмцэл, үйл хэргийг үргэлж дэмжиж, хэцүү цагт нь сэтгэлийн дэм болж ирсний хувьд Монголын төр засаг, хууль хяналтынханд маш их харамсч байна. Энэ бүхнийг ард түмэн зөвөөр ойлгож, бидэнтэй нэгдээсэй гэсэндээ сэтгүүлч та бүхэнд хандаж байгаа юм. Зарим телевизээр 500 мянган төгрөг нэхэж авсан, зэрлэг балмад танхай хүмүүс мэтээр ойлгогдох мэдээлэл гарч, олон түмнийг төөрөгдүүллээ. Энэ бүхний эсрэг тэмцэх ёстой гэж бодож сууна гэсэн юм.

Ц.Мөнхбаяр тэргүүтэй 50 гаруй морьтон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Өртөнгийн гол нэртэй газар алт олборлож байсан “Ирмүүн босго” ХХК үйл ажиллагааг зогсоох шаардлага тавихдаа айлган сүрдүүлэх байдлаар 500 мянган төгрөг авсан гэх мэдээлэл бий. Энэ талаар тодруулахад “Ирмүүн босго” компанийн  эзэн н.Цогоо хууль бус үйл ажиллагаа явуулж буйгаа хүлээн зөвшөөрч, бичгээр баталгаа гаргаж өгсөн. Бидэнд та бүхний үйл ажиллагааг дэмжиж байна гэх утгатай юм ярьж, хандивлаж байна гээд 500 мянган төгрөг өгсөн нь үнэн. Үүнийгээ дарамталж авсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан нь үндэслэлгүй. Энэ үед Зүүнбаян-Улаан сумын иргэд болоод  цагдаагийн хэсгийн төлөөлөгч, хошууч Зоригоо байсан юм. Гэвч амалсан амлалтаасаа няцаж үйл ажиллагаа үргэлжлүүлэн ажилласан учир энэ сарны 22-ны өдөр манай холбооны хүмүүс очиж алт угаадаг усны насос руу буудсан” гэсэн юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж