“Би ганцаараа давхих дуртай морь”

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

“Би ганцаараа давхих дуртай морь”

Франц номын “Эрвээхэй” дэлгүүрээс санаачлан хоёр дахь жилдээ зохиож буй “Монгол-Францын соёлын өдрүүд 2011”-т Францын зохиолчид оролцож байгаа. Хоёр орны утга зохиолын төлөөлөгчидтэй байгалийн сайхан бүрэлдсэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт суманд зургадугаар сарын 21-25-ны өдөр хамтарсан уулзалт хийн, хэлэлцүүлэг өрнүүлэн уран бүтээлээрээ нэгдэн чууллаа. “Black Box” театрт өнгөрсөн ням гаригт тус соёлын өдрүүдийн  хүндэтгэлийн тоглолт, хаалтын арга хэмжээ болсон юм. Энэ үеэр Францын зохиолч, сэтгүүлч “Монгол чоно” романаараа 1998 онд Медисийн шагнал хүртсэн Омериктэй уулзлаа. Тэрбээр энэхүү арга хэмжээнд “Grasset Fasquelle” хэвлэлийн газрын ерөнхийлөгч ноён Жан Клод Фаскелийн нэрэмжит шагналыг МУИС-ийн зөвлөх профессор, гавьяат багш Ц.Сүхбаатарт гардуулах хүндтэй үүргийг хүлээсэн  юм.

-Та өмнө нь Монгол орныг тойрон аялаад “Хөх чоно” романаа бичиж байсан. Хоёр дахь удаагаа Монголд ирээд хөдөө орон нутгаар аялаад ирлээ. Сэтгэгдэл ямар байна. Өөрчлөгдсөн зүйл юу байна?

-Монгол орон өөрчлөгдөн шинэчлэгдэж, хөгжиж, дэвшсэн байна. Биднийг маш сайхан хүлээж авлаа. Бүх юм амжилттай сайхан болж байгаад сэтгэгдэл өндөр байна.

-Магадгүй энэ удаад “Хөх чоно 2” романаа бичих үү?

-Ерөнхийдөө энэ талаар ёстой бодоогүй юм байна. Яагаад гэвэл би нэг сэдэв дээр хэтэрхий гүн орж тэр зүйлийнхээ талаар гүнзгий судална гэж бодоогүй ээ. Жишээ нь Хубилай, Өгөөдэй хаадын тухай хэдийгээр ярьж байгаа ч судлаад гүнд нь оръё гэж бодоогүй байгаа.

-Та хэзээнээс анх Монголыг таньж эхэлсэн бэ? Анх Монголын ямар зохиолыг уншиж байв. Тэр үед төрж байсан сэтгэгдлээсээ хуваалцвал ?

-Анх Монголын нууц товчоо, зарим нэг шүлгийг уншиж байсан. Энэ нь миний хувьд цоо шинэ зүйл байсан. Гэтэл би монгол, англи хэлгүй учраас зөвхөн өөрийнхөө хэл дээр бичсэн зарим нэг шүлгийг л унших боломж гарч байсан. Би Монголын зохиолчид маш их, гүн мэдрэмжтэй гэдгийг л ойлгож авсан. Франц дээр хамгийн их уншсан зохиол бол Чинагийн Галсангийн зохиолууд. Би түүний олон арван зохиолыг уншсан ч миний мэдэж байгаагаар монголын олон зуун таньдаг бас таньдаггүй зохиолчид тэр хэмжээний их авьяастай, мэдрэмжтэй гэдгийг би сайн мэдэж байна.

-Анх уран бүтээлийн замналаа хэрхэн эхэлж байсан бэ?

-Анх би морины тухай сонинд бичдэг байсан. Учир нь морины түүх, тэр сайхан амьтны тухай илүү сайн мэддэг байсан. Надад дэлхийд алдартай морины тухай ном гаргаач ээ гэж санал тавьсан. Миний бичсэн анхны ном бол “Залхуу хаан” гэдэг нэртэй байсан. Миний бүх зохиолд морины тухай гардаг. Яагаад гэвэл морь намайг жинхэнэ эр хүн болгож, энэ бүх зүйлийг өгсөн болохоор би үүнд талархах ёстой санагддаг.

-Та морь сургадаг байсан гэсэн шүү дээ. Монгол морийг унаж үзэв үү?

-Монгол морийг унаж үзсэн. Хамгийн сүүлд гуравхан хоногийн өмнө унасан.

-Анх морины чиглэлээр бичдэг байсан хүнийг юу Монгол чонын тухай бичихэд нөлөөлсөн бол оо?

-Чонын тухай бичихэд бас л морь нөлөөлсөн. Монгол хүмүүс гэдэг чинь морьтой ард түмэн. Морин дээр бүх юм нь багтаж байсан. Мориор дэлхийг нээн, байлдан дагуулсан ард түмэн. Тиймээс морь гэдэг утгаар нь энэ бүхэн намайг өөртөө татсан. Морины урлаг гэдэг бол дээд зэрэглэлийн урлаг юм. Чингис хаан гэдэг хүний тухайд Ази, Европт сөрөг талаараа танил байдаг учраас би тийм биш ээ гэж, өөр чиглэлээр нь таниулахын тулд энэхүү зохиолоо бичсэн.

-Монголоос дараагийн уран бүтээлийн санаагаа тээгээд харьж байгаа гэдэгт итгэж байна. Өнгөрсөн жилийн соёлын өдрүүдийн дараа хоёр орны уран бүтээлчдийн хамтын уран бүтээлчид төрөн гарсан. Та хэн нэгэнтэй хамтран уран бүтээл хийх үү?

-Би өөрөө морь шиг хүн. Зэрлэг аймхай ч юм шиг, сарнаас ирсэн ч байж болно. Би морь шиг ганцаараа давхих дуртай. Хажуунаасаа хөтлүүлээд юм уу, бусад морьтой цуг давхих дургүй. Тийм болохоор би хүнд сэтгэгдэл төрүүлээд тэр хүний сэтгэлийг мэдэрч ямар нэгэн юм туурвина гэсэн бодол байгаа. Энэ бүхэн яаж болж, өрнөхийг би өөрөө ч одоо сайн мэдэхгүй байна.

-Монголд хэзээ эргэж ирэх бэ?

-Би ирэх жил ирнэ гэж найдаж байна. Бүүр оройтлоо гэхэд хоёр жилийн дараа танай сайхан оронд заавал дахин зочлох болно. Мөн би өвөл ирж Монголд зохиол бичье гэж төлөвлөөд байгаа.

-Та Фаскелийн шагналыг гардуулж байхдаа орчуулаг, зохиолч Ц.Сүхбаатарыг бараг манай багш шиг хүн хэмээн онцлон хэлсэн шүү дээ.

-Энэ хүний ачаар маш олон Монгол хүн Франц хэлийг сурч байгаа. Фаскелийн шагналыг түүний хийсэн хүч хөдөлмөрийг үнэлж өгсөн. Түүний ачаар Монгол, Франц хоёр орны хүмүүсийн харилцаа улам ойр дотно болсон. Тэрбээр их даруухан нэгэн ч маш том ажлыг хийж амжуулсан юм.

-Монголын зохиолчидтой хөдөө орон нутгаар аялаад ирсэн шүү дээ. Аяллын сониноос хуваалцахгүй юу?

-Миний хувьд энэ бол биширмээр сайхан бэлэг байсан. Би зохиолч Ч.Галсан, Г.Аюурзанатай нэг гэрт буудалсан. Үгээр ч хэлж чадахааргүй тийм сайхан сэтгэгдэл надад төрж байлаа.

-Энэ жилийн соёлын арга хэмжээний хаалт маань дараа жилийн Францад болох Монголын соёлын өдрүүдийн нээлт болж байгаа шүү дээ.

-Монгол дахь хүмүүс чин сэтгэлээсээ биднийг угтаж аван аз жаргалыг бэлэглэсэн. Тэгэхээр яаж энэ сайхан аз жаргал таашаалыг тэд нар эргэж бид нар өгөх вэ гэдэг асуудал дээр анхаарлаа хандуулж байгаа. Энэхүү сайхан ажлыг зохион байгуулахад илүү олон хүмүүс бид нарт туслаасай. Энэхүү харилцаа маань одоо дөнгөж хөгжлийнхөө шатанд явж байгаа учраас энэ хүрээгээ улам тэлэх юмсан гэж хүсэж байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж