Эко болжморууд байгалиа хамгаалав

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Эко болжморууд байгалиа хамгаалав

Монгол улсад Залуучуудын хөдөлгөөн үүссэний 90 жилийн ойг тохиолдуулан Монголын Залуучуудын Холбооноос залуучуудад байгаль дэлхийтэйгээ зүй зохистой харьцах үзлийг төлөвшүүлэх, дотоодын аяллыг хөгжүүлэх, түүх соёлтой танилцуулах, зөв хооллолт, эрүүл амьдралыг уриалах зорилгын дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эко явган аялал”  гурав дахь жилдээ зургадугаар сарын 25-нд Улаанбаатар-Хүслийн хад-Болорын агуй-Арьяабалын сүм-Мэлхий хад-Улаанбаатар гэсэн маршрутаар амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

Нийт 100 гаруй залуусыг хамарсан уг “Эко аялал”-д энэ жил анх удаа ЕБС-ийн  сурагчдын дунд тогтвортой хөгжлийн боловсролыг нийгэмд сурталчлах  зорилгоор Нийслэлийн Боловсролын газар, Хаан банк, МҮОНТ-ээс хамтран зохион байгуулсан уралдаант, танин мэдэхүйн “Талст” нэвтрүүлэгт амжилттай оролцсон нийслэлийн есөн сургуулийн ахлах ангийн 45 сурагч хамрагдсан юм.

Зургадугаар сарын 25-ны өглөө  Монголын Залуучуудын Холбоонд нээлтээ хийж,  гараагаа эхэлсэн дөрвөн багийн сурагчид аяллын хамгийн эхний  цэг  болох Улаанбаатар хотоос 50 гаруй км-ийн зайд орших Хүслийн хадан дээр хүрэлцэн очиж байгаль орчин, түүх дурсгалтайгаа танилцсаныхаа дараа Монгол суу ухааны “Манукол” академийн ерөнхийлөгч, доктор З.Бат-Отгоны байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах талаарх сонирхолтой лекцийг сонссон юм. Сурагчид аяллын дараагийн цэг рүү алхахдаа замд таарсан хог хаягдлыг түүж, байгаль орчноо цэвэрлэж,  түүсэн хогоо хогийн цэгт асгав. Нийт дөрвөн  км гаруй  өгсүүр, бартаат замыг  туулсны эцэст байгалийн өвөрмөц тогтоц бүхий Болорын агуйд хүрсэн аялагчид маань нилээд  ядарсан байсан ч агуйн домог, болор чулууны талаар мэдлэгтэй болж, агуйн дотор хэсгийг үзэж сонирхон, дурсгалын зураг татуулснаар аяллаа цааш үргэлжлүүлэв. Болорын агуйгаас 10 гаруй км явган алхсаар Монголын анхны бясалгалын сүм болох “Арьяабалын сүм”-д  хүрэлцэн ирэв. Энэ үеэр “Шри шри” амьдрах урлаг, бясалгалын төвийн залуу багш н.Батжаргал аялагч хүүхдүүдэд анхан шатны бясалгалын хичээл заасан нь тэдэнд бас нэгэн хэлбэрийн амралт болж чадсан юм. Аяллын эцсийн цэг болох Мэлхий хадны орчимд нийт сурагчийн дунд “АХА” тэмцээн зохион “Оюуны Ундраа” цогцолборын аравдугаар ангийн сурагч Г.Нандин-Эрдэнэ шалгарч Монголын Залуучуудын Холбооны гарын бэлгээр шагнуулав.  

Мөн  энэ үеэр дөрвөн багийн сурагчид “Байгаль эхээ хайрлая” сэдвээр тус бүрийн мэндчилгээгээр  бэлэг барьсан бөгөөд тэдний мэндчилгээнээс байгаль дэлхийгээ хайрлах сэтгэл өөрийн эрхгүй мэдрэгдэж  байлаа. 

“Шаазгай шиг шуналтай биш ч тоншуул шиг ажилсаг

Шонхор шиг том  биш ч бүргэд шиг зоригтой

Эко болжморууд экологио хамгаална” хэмээн Монголын Залуучуудын Холбооноос  ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Эко явган аялал”-д оролцсон “Болжморууд” багийн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж