Тони Блейр монголчуудад захидал илгээжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

Тони Блейр монголчуудад захидал илгээжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Англи улсын Ерөнхий сайд асан Тони Блейр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрээр дамжуулан монголчуудад захидал илгээжээ. Тэрээр захидалдаа “Өнөөдөр миний бие та бүхэнд хандаж үг хэлэх завшаан олгосонд гүнээ талархаж байгааг хүлээн авна уу. Хэдийгээр би өөрийн биеэр энэ удаа хүрэлцэн ирэх боломжгүй гэсэн хэдийч, ойрын ирээдүйд Монгол Улсад айлчлан очно гэдэгт итгэлтэй байна. Энэ тэргүүнд Монгол Улсын Төр засаг, ард иргэдийг өөрийн олон зуун жилийн  бахархалтай түүхийн нэгэн тэмдэглэлт оныг угтаж буйд баяр хүргэе.

    Энэ онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Монголын Тулгар Төр байгуулагдсаны 2220 жилийн давхар ойг та бүгд тэмдэглэж байгаа билээ. Энэ бол үнэхээр гайхамшигтай ололт амжилт юм. Тиймээс энэхүү 21-р зууны хоёр дахь арван жилд  Монгол Улс нь өөрийн хөгжил замналын ээдрээтэй уулзварын өмнө ирээд буй энэ үед ялгуусан түүхээ тэмдэглэхийн сацуу тэмүүлэх ирээдүйгээ тодорхойлох цаг болсон байна. Энэхүү цаг мөч нь үсрэнгүй өсөлт, цэцэглэсэн хөгжил дэвшилд хүрэх агуу их боломж, бололцоог олгож байна.  Өнөө үед Дэлхий дахинаа Монгол Улсыг ардчилсан ёс, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд тайвнаар амжилттай залуурдан шилжсэн Төв Азийн үлгэр жишээ орон хэмээн харж байна. Монгол орон өвөрмөц газар зүйн болон цаг уурын нөхцөлтэй төдийгүй өөрийн газрын эрдэс баялагыг хүртээмжтэй, тулхтай хөгжил болгох асар том сорилтын өмнө зогсож буй явдал нь үнэхээр санаа алдуулж, сэтгэл хөдөлгөм байна. Эрдэс баялаг нь тухайн улсын хөгжлийн мандан бадрал, уналт доройтлын аль нэгний эх үүсвэр болсон 2 тод жишээг бид бүхэн сайн мэдэх билээ. Танай төр засаг эдгээр эндэж болзошгүй эрсдэлийг эртлэн мэдэрснийг миний бие ойлгож та бидний өмнө тулгамдсан нэн чухал 3 асуудлыг дурьдахыг хүсч байна.

     Нэгдүгээрт: Төр засаг нь эрдэс баялагийн салбар болоод бусад хэвшлийг эн тэнцүү хөгжүүлэн эдийн засгийн өсөлтийг хангах нь чухал юм. Өөрөөр хэлбэл шинээр нээсэн  баялгаа тараан тарамдуулах бус ирээдүйн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор бизнесийн таатай орчин бүрдүүлж, хөрөнгө оруулалтыг хөхиүлөн дэмжиж, шинэ шийдэл, санаа санаачлагыг ургуулан төрүүлэхэд ашиглах нь зохистой юм. Өнөөдрийн чуулга уулзалтууд нь урт хугацааны өсөлтийг хангах хувийн хэвшилд хөрөнгө оруулах хөшүүрэг мөн билээ.

    Хоёрдугаарт: Танай улс орон нийгмийн хүртээмжтэй хөгжил дэвшилд тэмүүлэх нь  чухал юм. Өөрөөр хэлбэл хүн бүрт өндөр зэрэглэлийн боловсрол, чанартай эрүүл мэндийн үйлчилгээ, баталгаатай нийгмийн халамж хамгаалал мөн. Иймд урт хугацааны өсөлтийг хангах чухал хүчин зүйл нь ард иргэдийн эрүүл мэнд, мэдлэг боловсролд хийх хөрөнгө оруулалт мөн. Энэ нь эдлэх ёстой эрх төдийгүй Монголын ард түмний дэлхий нийтэд дэлгэх гэж буй хүсэл эрмэлзлэлийн илэрхийлэл юм.

    Гуравдугаарт: Төр засаг нь алсын хараатай, тулхтай ирээдүйг тунгаан бодолцож эрдэс баялаг нь хязгаарлагдмал нөөцтэй, бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн өөрчлөмтгий байдлыг харгалзах нь зүйтэй. Үүний зэрэгцээ тулхтай ирээдүй гэдэг нь байгаль орчин, нөөц баялагаа ухаалгаар удирдан зарцуулж, өөрийн орны баялаг соёл, уламжлалаа хадгалан хамгаалахыг хэлж буй хэрэг юм. Иймээс төр засаг нь ирээдүйн ололт амжилтыг хамгаалсан хууль тогтоомжийг өнөөдөр боловсруулан батлах, маргаашийн өсөлтийг бий болгох салбар, хэвшлийг хөгжүүлэх шаардлагатай байна. Үүнийг хэрэгжүүлэхэд юуг хийх тухай амаар ярилцах, ажил үйлдлээр харуулах нь хоёр маш өөр зүйл байж болох юм.

    Аливаа амжилтанд хүрэх нууц нь ямагт олон янзын шийдвэр гаргах, шинэтгэлийг цуцалтгүй хэрэгжүүлэх, үр дүнд хүрэх чин эрмэлзлэл, өөрчлөлтийг байнга үргэлжлүүлэхэд байдагийг өөрийн улс оронд Ерөнхий сайдаар ажилласан арван жил, дэлхий дахины төр засгийн удирдагч нартай эдүүгээ ажиллаж буй арвин их туршлагаас мэдэрсэн. Үр ашигтай бүтэц байгуулалттай, чадварлаг ажиллагаатай, зөв зохистой төр засаг хийгээд иргэний нийгэм нь энэхүү сорилтыг даван туулахад нэн чухал хүчин зүйл болох нь дамжиггүй.

    Өнгөрсөн жил миний баг болоод өөрийн биеэр танай улсын Ерөнхий сайд, засгийн гишүүд сайд нартай хэд хэдэн удаа нүүр тулан уулзсан бөгөөд улс орныхоо хөгжил дэвшлийн төлөөх зүрх сэтгэл, өнөө үед нээгдсэн асар их боломжийг алдалгүй бүрнээ ашиглах хүсэл эрмэлзлэл нь биднийг гайхшруулсан билээ. Энэ нь Монголын ард иргэдийн сайн сайханы төлөө чин сэтгэлээр ажиллах, бусдаас бүрэн дүүрэн суралцах хүсэл сонирхлыг тод илэрхийлж байна. Анхны алхамаа зөв сонгож хөдлөхөд бусад улс орнуудын алдаа оноотой туршлагаас суралцах нь Монгол улсын хувьд хамгийн тохиромжтой цаг мөч өнөөдөр тохиож байна. Иймд Монгол улс нь дэлхийн тавцанд үсрэнгүй өсөлтийг амжилттай хангаж чадна гэдэгт миний бие огтхон ч эргэлзэхгүй байна” гэжээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж