
Аливаа намын үндсэн үйл ажиллагаа нь сонгуульд оролцох, эцсийн зорилго нь төрийн бодлогыг хэрэгжүүлэх явдал юм бол сонгууль бүрт ялагддаг, эрх мэдэлд хэзээ ч хүрэх эрх зүйн нөхцөлгүй улс төрийн нам байгаад яах юм бэ? Үзэл санаа нь хэдий тунгалаг, ариун ч үндсэн зорилгодоо хүрэх боломжгүй намд элссэнээс бүх давуу талыг хүссэн хүсээгүй эзэмшиж буй МАН болоод АН руу үзэл бодлыг нь үл харгалзан мөнгөө бариад гүйцгээж байгаа кадруудыг ийм байдал руу юу түлхдэг вэ? Эрэлт, хэрэгцээ нь тэнгэрт хадсан МАН, АН эцсийн эцэст тэдний оочер дугаарыг эдийн засгийн аргаар зохицуулж, олон саяын босго тавихдаа хүрч байгаагийн шалтгаан нь юу вэ? Нэг үгээр бол улс төрийн намууд хөгжлийн концепциэр биш зөвхөн мөнгөний зохицуулалтаар жолоодогдох болсон өнөөгийн дүр зургийн жинхэнэ архитехтор нь сонгуулийн мажоритар тогтолцоо юм.
Сонгогчдын санал шууд тусгалаа олдоггүй, төлөөлөл, оролцоо нь гээгддэг, нөгөө талаас улс төрийн бусад намуудад төлөвших бололцоо олгодоггүй өнөөгийн мажоритари тогтолцоог өөрчлөх шаардлагатайг нийтээрээ олон жилийн өмнөөс ярьсан ч өнөөдөр л үүнийг хөндөх нөхцөл парламентад бүрдээд байгаа билээ. Тогтолцоог өөрчлөх шаардлагатайг хамгийн тод томруунаар ойлгуулсан нь 2000 оны сонгууль. Тэр үед МАХН сонгогчдын 50.4 хувийн саналыг авсан хэрнээ парламентын суудлын 96 хувийг авч, сонгогчдын 49.6 хувийн санал эрх мэдлийг хэрэгжүүлэх бүтцийн гадна гудамжинд гээгдэж байв. Хамгийн сүүлд 2008 оны сонгуулиар зөвхөн Иргэний зориг нам гэхэд нийт нэр дэвшигчид нь сонгогчдын 11 хувийн санал авсан байдаг. Хэрэв сонгуулийн тогтолцоо пропорциональ тохиолдолд энэ нь УИХ-д дор хаяж найман хүнтэй бүлэг байгуулах хэмжээний санал. Энэ нь тогтолцооноос хамаараад иргэдийн санал хэт савладаг, гээгддэг, бусад намууд парламентад нөлөөтэй болох хэмжээнд хүртлээ төлөвших боломжгүй байгаагийн бодит жишээ юм.
Гэвч зах зээл дээрх улс төрийн намуудын нийлүүлэлтийг нэмж, өрсөлдөх чадвараар нь иргэд, сонгогчид өөрсдөө үнийг нь тогтоодог либералчлалыг улс төрд оруулж чадах эсэхийг өнөөх хоёр том нам шийдэх гэж байна. Тэд жинхэнэ утгаараа эрх ашгийн зөрчилтэй асуудлаар зөвшилцөж буй хэрэг. Тийм учраас аль болох өөрсдийн давуу талыг хадгалах тогтолцоог тууштай хамгаалцгааж байна.
Нүүрэн дээрээ тогтолцоогоо шинэчлэх нь зүйтэй гэж ярьцгаах мөртлөө шинэтгэлийн үр дүн авчрахгүй хувилбарыг ширээн дороо нууцгаана. УИХ дахь МАН-ын бүлгийн зүтгүүлж буй мажоритар давамгайлсан 52/24 хувилбар үр дүнтэй шинэтгэлийн болж чадах уу? Энэ нь мажоритари давамгайлсан тогтолцоо тул бидний өөрчлөхийг хүсэж буй сонгогчдын санал УИХ-д жигд тусгах, төлөөлөл оролцоог хангах, намуудын ардчилсан хариуцлагатай болж төлөвшүүлэх шинэтгэл амжилтгүй болох магадлал өндөр байна. Өнөөдрийнхөө бүх ужиг, сул талыг вирусын халдвар шиг дамжуулан хадгалах нь ойлгомжтой ийм шинэчлэл нийгэмд ямар ч ашиг тусгүй. Тогтолцооны шинэтгэлийг хоёрын хооронд хийх нь сонгогчийг худалдан авах нөхцөл мөнгөтэй хэсэгт хуулиар боломжийг нээж байгаатай адил юм.
Харин пропорциональ давамгайлсан 26/50 гэсэн хувилбар судлаачдын хувьд хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлэхээр харагдаж байгаа. Дор хаяж ийм хувилбараар сонгууль явуулж байж сонгогчийн санал бодитой тусах, иргэдийн төлөөлөл, оролцоо нэмэгдэх, хамгийн гол нь улс төрийн намуудыг хөгжлийн бодлогын төлөө өрсөлддөг институци болгох эрх зүйн нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Хорин жилийн хугацаанд улс төрийн намууд хөгжлийн концепциэр өрсөлдөх хэмжээнд хүрч, төлөвшиж чадахгүй байгаагийн шалтгаан нь нь хоёр намын тогтолцоо руу шахдаг сонгуулийн тогтолцоотой холбоотой. Нөгөө талаас нь харвал хоёр нам хүчтэй, мөнгөтэй байгаагийн учир нь өөр намууд улс төрд нөлөөтэй болтлоо төлөвшиж амжаагүйтэй холбоотой. Энэ нь сонгогчид намуудын хөгжлийн хөтөлбөр, бодлогыг харж сонголт хийх хэмжээнд хүртэл боловсорч чадахгүй байгаагийн нөхцөл. Тэгэхээр өөр хоорондоо харилцан хамаарал бүхий өнөөгийн гажуудлаасаа гарахын тулд мажоритарийн сул талыг аль болох өндөр хувиар хаах шаардлагатай аж.
Өнөөдөр УИХ-аар хэлэлцэж байгаа сонгуулийн тогтолцооны шинэтгэл хэлбэрийн төдий зүйл болж үлдэх үү, эсвэл үнэхээр үр дүнтэй алхам болох уу гэдэг нь өөрөө амин чухал асуудал. Яагаад гэвэл шинэтгэлийн дараах үр дүнд иргэд, нийгэм сэтгэл хангалуун бус үлдэх тохиолдолд дараа дараагийн шинэчлэлээс ухрах нөхцөл бүрддэг нь хамгийн аюултай үзэгдэл юм. Тэр тусмаа энэ удаад шинэчлэл нь үр дүн, ач холбогдолгүй болох тохиолдолд улс төрийн нөхцөл байдал сонгуулийн тогтолцооноос хамаардаггүй гэдэг итгэл үнэмшил нийгэмд буй болно гэдэг харамсалтай зүйл биш гэж үү?!
Улс төрийн намуудын төрийн эрх барих, бодлого тодорхойлох үйл явцад оролцох боломжийг боомилж, тэдгээрээр дамжиж байгаа иргэдийн санаа бодол, төлөөллийг парламентын гадна гээж үлдээдэг сонгуулийн тогтолцоогоо хэр үр дүнтэйгээр өөрчлөхийг одоо хоёр том намын зөвшилцөөнөөс нийгэм хүлээж байна. Жижиг гэх намуудад ч, жирийн сонгогчдод ч төрийн эрх барих төвшинд оролцоотой байх сэтгэл ханамжийн баталгаа хэрэгтэй.