Рафаель Варан “Реал Мадрид”-д тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Рафаель Варан “Реал Мадрид”-д тоглоно

Францын шинэ авьяастан хэмээн нэрлэгдэж буй залуу хамгаалагч Рафаель Варан “Реал Мадрид”-д тоглохоор боллоо. Өдгөө 18 настай Варан нутгийнхаа “Ланс” клубт тоглодог байсан. Өнгөрсөн улирлаас гарааны бүрэлдэхүүнд багтах болсон ч богино хугацааны дотор өөрийгөө таниулж том багуудын анхааралд өртөх болсон.

Эзэн хааны баг түүнтэй зургаан жилийн урт хугацааны гэрээ байгуулж байгаа. Энэ наймаа хийгдэхэд Флорентино Пересийн зөвлөхөөр ажиллаж буй Зинедин Зидан чухал нөлөө үзүүлсэн юм. Зуны цонх нээгдсэнээс хойш Реал 4 дэх наймаагаа хийж байна. Үүнээс өмнө тэд Нури Сахин, Хамит Алтинтоп, Хосе Мария Каллехон нарыг аваад байсан юм. Мадридын баг шинэ тоглогчоо танилцуулж байх хооронд Хамит Алтинтоп Германд нурууны хагалгаанд амжилттай  орлоо. Бямба гариг хүртэл тэрээр эмнэлэгт байх бөгөөд тун удахгүй Мадридад эргэн ирэх ажээ.

***

Японы олон тоглогчид Бундеслигт амархан хөлөө олж, амжилт гаргаж байгаа. Энэ жишгийг даган Байерн Мюнхен клуб “J” лигийн Гамба  Осака багаас довтлогч Такаши Усамиг 6 сарынэ зээлээр авлаа. Хэрвээ сайн тоглох юм бол жинхэлж худалдан авах заалт мөн түүний гэрээнд тусгагдсан юм.

19 настай Усами энэ жилээс нутгийнхаа U-22 шигшээд дуудагдах болсон. Тэрээр ирэх сард Мюнхенд ирж шинэ багийнхантайгаа нэгдэх ажээ. Юп Хайнкесаар удирдуулсан Байерн Мюнхений шинэ улирлын бэлтгэл ирэх даваа гаригаас эхэлж байгаа.

***

“Наполи”-гийн гол хөдөлгүүр Марек Хамшик АС Милан руу шилжих бодолтой байгаагаа илэрхийлжээ.  Ирэх сард 24 нас хүрэх Словак залуу карьерийнхаа дараагийн алхмыг хийж цом шагнал хүртэх хүсэлтэй байгаа аж.

“Ирэх улирлын бэлтгэл 7 сарын дундуур эхэлнэ. Тэр болтол ямар нэгэн шийдвэр гаргахгүй. Ямар ч байсан Италиас явах хүсэл алга. Энд би 7 жил амьдарч Италиар ч дажгүй ярьдаг болсон. Тийм болохоор эндээ л шилжилт хийнэ”

Хэдийгээр  Хамшик өөрөө явахыг хүсч байгаа ч Наполигийн удирдлага энэ тал дээр хатуу байр суурьтай байна. Тэд гол тоглогчоо алдахыг хүсэхгүй байгаа нь тодорхой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж