Түүхэндээ анх удаа Хүндэт доктортой боллоо

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Түүхэндээ анх удаа Хүндэт доктортой боллоо

Өчигдөр /2011 оны зургадугаар сарын 27-ны өдөр/ Петр Сагайдачнийгийн нэрэмжит Львовын Хуурай замын цэргийн Академид  Хүндэт доктор цол олгох ажиллагаа ёслол төгөлдөр боллоо. Украин Улсад Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид “Хүндэт доктор” цол олгох шийдвэрийг тус Академийн эрдмийн зөвлөл гаргажээ. Ёслолын ажиллагааны эхэнд Петр Сагайдачнийгийн нэрэмжит Львовын Хуурай замын цэргийн Академийг Львовын Цэргийн Дээд Сургууль байх үед гадаад оюутны факультетийн дарга байсан, бэлтгэл хурандаа В.П.Оношка үг хэллээ.

Тэрээр: “Өнөөдөр манай сургуулийн хувьд түүхэн чухал өдөр болж байна. Манай сургууль гадаад орнуудаас сонсогч элсүүлж, цэргийн дээд мэргэжилтэн бэлтгэж эхлэхэд анхны гадаад оюутнуудын нэг хэсэг нь монгол оюутнууд байсан юм. Монголчууд бол  сахилга бат сайтай, тэсвэр тэвчээртэй, ухаантай, хэл болон цэргийн бусад тактикийг амархан сурах авьяастай байсны нэг нь манай сонсогч, өнөөдрийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж байлаа. Тэр бол манай Ерөнхийлөгч. Маш хариуцлагатай, сахилга баттай, онц сурдаг, бидний бахархал болсон оюутнуудын нэг байсан. Би ирээдүйн Ерөнхийлөгчийг бэлдэж байсан гэдгээрээ маш их бахархдаг” гэлээ.

Академийн захирал, дэслэгч генерал П.П.Ткачук үг хэлэхдээ, тус сургууль ирээдүйн цэрэг армийн лидерүүдийг бэлддэг гэдгээ бахархан тодотгож байв. “Бид сонсогчдоо ачаалал даах чадвартай, цагаа нарийн зохицуулж чаддаг, хичээл зүтгэлд гарамгай, хувийн зохион байгуулалт сайтай болгож төгсгөдөг. Бид  ирээдүйн манлайлагчдыг төгсгөдөг. Дэлхийн хаана ч аль ч салбарт тэд сургуулийнхаа нэрийн хуудас болж байдаг” гэсэн юм. Ёслолын ажиллагааны үеэр  Хуурай замын цэргийн Академийн төгсөгч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тухай танилцуулсан баримтат кино үзүүллээ. Кинонд, Ерөнхийлөгчийн Львовт сурч, ажил мэргэжлийн төдийгүй амьдралын гараагаа эхэлж байсан үе, шилдэг сонсогч байсан тухай, эх орондоо эргэж очоод нийгмийн тогтолцоог өөрчлөхийн тулд хийсэн үйл ажиллагаа, улс төрийн замнал, амжилт зэргийг өгүүлжээ. Дараа нь Петр Сагайдачнийгийн нэрэмжит Львовын Хуурай замын цэргийн Академийн захирлын тушаал уншиж сонсгон, Ерөнхийлөгчид “Хүндэт доктор”-ын батламжийг гардуулан өгөв.

Хүндэт доктор- Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэхдээ  “Украин Улсад хийж байгаа Төрийн айлчлалын хүрээнд би өнөөдөр төрөлх сургуульдаа зочлон ирж байгаадаа туйлын баяртай байна. Би дэлхийд нэр хүндтэй 2 том сургууль төгсч мэргэжил боловсрол олсон азтай хувь тавилантай. Нэг нь Петр Сагайдачнийгийн нэрэмжит Львовын Хуурай замын цэргийн Академи, энд би бакалаврын зэрэгтэй төгссөн, нөгөө нь Харвардын Их Сургууль, энэ сургуульд би мастер хамгаалсан. Харин өнөөдөр өөрийн төрөлх сургуулиасаа Хүндэт доктор болж байна. Сургуулиа төгссөнөөс хойш 23 жил өнгөрчээ. Энэ эрхэм хүндтэй Доктор цолыг авахын тулд 23 жил ажиллаж, Ерөнхийлөгчөөр хүртэл  сонгогдсон байна.

Монголчууд багшаа эцэг эхтэйгээ адилтган зүйрлэж, хүндлэн хайрладаг. Би өнөөдөр багш нараа дурсан, тэдэнд талархаж байгаагаа дахин дахин илэрхийлмээр байна. Багш нарын минь өгсөн  мэдлэг, суулгасан тэвчээр хатуужлын ачаар эзэмшсэн мэргэжилдээ амжилт гаргаж, хожим нь улс эх орноо өөрчилж, хүний эрх эрх чөлөөний төлөө тэмцэж, олсон амжилтаа бататгахын төлөө хүчин зүтгэж явна.

Львовчуудын эрх чөлөөг эрхэмлэдэг, эх оронч сэтгэлгээтэй, хөдөлмөрч зан чанараас би энд өнгөрүүлсэн 5 жилийн хугацаанд суралцсан. Львов бол миний мэргэжлийн төдийгүй амьдралын гараа болсон хот. Энд би, миний амьдарлын түшиг тулгуур болсон гэргийтэйгээ танилцаж, энд бидний анхны хүүхэд төрсөн. Тиймээс Львов бол зөвхөн миний төдийгүй манай гэр бүлийн хувьд онцгой газар юм.

Манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжинө гэдэгт би итгэл дүүрэн байдаг. Монголын олон мянган сэхээтэн Украин Улсад дээд боловсрол эзэмшиж, эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө ажиллаж хөдөлмөрлөж, баялаг бүтээлцэж байна. Халхын голд бидний эрх чөлөөний төлөө тулалдсан олон цэрэг эрсийн дотор украинчууд олон байсан. Хожим нь энхийн бүтээн байгуулалтад ч украин хүмүүс олноороо ирж оролцсон байдаг. Нэг үгээр бол бидний харилцаа  онцгой юм. Би хоёр орны найрамдалт хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно” гэсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж