
Шалгалтаар нийт 68,6 мянган төгрөг, 38,2 мянган ам долларын акт тогтоож, таван албан шаардлага өгчээ. 38,2 мянган ам долларыг ажилчдын ар гэрийхэнд тусламж болгон өгчээ. Иргэний нисэхийн ерөнхий газар их мөнгө олдгийн хэрээр цацдаг бололтой.
Гэтэл тус газрын харъяа нисэх буудлууд болон харьяа 25 албадын алдагдал 2009 онд 17.7 тэрбум, 2010 онд 28.5 тэрбум төгрөг болж өссөн дүнтэй байна. Энэ удаагийн шалгалтаар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд шуудан холбоо, албан томилолт, мэдээлэл сурталчилгаа, орон байраар хангах, буцалтгүй тусламж, шагнал урамшуулал, баяр ёслолын зардал зэрэгт төлөвлөгөөт хэмжээнд багтаан хөрөнгө зарцуулах боломжтой атал хэтрүүлэн хэрэглэсэн нь нотлогджээ. Тухайлбал, орон сууцны хөнгөлөлтөд 2009 онд гурван тэрбум 416 сая төгрөг, 2010 онд хоёр тэрбум 320 мянган төгрөг зарцуулсны дотор Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны 33 хүнд 565 сая мянган төгрөг олгосон, хамтран ажилладаг нэрээр салбарын яамд төрийн захиргааны байгууллагын 28 хүнийг 14 сая төгрөгөөр шагнаж төлөвлөгдөөгүй зардал гаргажээ. Мөн сургалтын төлөвлөгөө зардалд тусгагдаагүй гэрээгүй, сургалтын зардал ИНЕГ-ын ажилтан Т.Лхагвасүрэн түүний гэр бүлийн дөрвөн хүнд зориулан 13 мянган ам.доллар, Н.Болдбаатарын гэр бүлд 20 мянга 480 ам.доллар, Австрали улсад магистрийн зэрэг хамгаалахаар суралцаж байгаа Ц.Батад гэр бүлээрээ зорчих замын зардалд 4800 ам доллар зэрэг мөнгийг олгосон нь хууль зөрчсөн үйлдэл болжээ. Учир нь байгууллагын дотоод журмын 5.1-д …байгууллагын ажилчинд сургалт болон бусад тохиолдолд тэтгэлэг болон мөнгөн тусламж үзүүлнэ гэсэн заалтыг ИНЕГ-ын удирдлага зөрчсөн байна.
Харин Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Батмөнх хэлэхдээ “Бид өөрсдийн ажилчдынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор улсын тэтгэлгээр сургаж байгаа. Гадаадад сурч буй ажилчдын ар гэрийхэнд тодорхой хэмжээний нөхөн олговор маягаар мөнгө олгосон нь үнэн. Үүн дээр МХЕГ-ын акт ирсэн. Ажилчдын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор олгосон мөнгө учраас Улсын байцаагчийн актыг буцаана уу” гэсэн хүсэлтийг тавьсан. Үүний хариуд МХЕГ-ын дарга Р.Содхүү “Санхүүгийн хуульд ийм зүйл байхгүй. Ажилчдад олгоно гэсэн ИНЕГ-ын дотоод журам байна. Хуулиас дээгүүр журам байх ёсгүй” гэв. Мөн тэрээр хэлэхдээ ИНЕГ статус нь тодорхой бус 2009 оноос хойш тодорхойгүй байгаа нь ч шалгалтаар илэрсэн. Статусыг нь УИХ-аар шийдүүлэхээр хэлэлцэгдэж байгаа юм байна. ИНЕГ-ын 127 ажилтантай холбоотой улсын төсвөөс авсан санхүүжилтэд тохируулан төсвийн тайлан тэнцэл, харьяа алба, салбар нэгжүүд нь аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газраар тайлан тэнцлээ гаргаж байгаа нь хоёрдмол статустай байгааг харуулж байна гэлээ. ИНЕГ-ын харьяа нисэх буудлууд болон албадуудад хийсэн шалгалтыг дүгнэвэл зарим нэг салбар тухайлбал Хэнтийн нисэх буудал, Чингис хаан олон улсын нисэх буудал, Буянт ухаа ресторан, Газрын тусгай үйлчилгээний албадуудад хийсэн шалгалтаар төсөвт ажлын гүйцэтгэлийг гаргуулалгүй санхүүжилт хийсэн, илүү цагийн хөлс илүү олгосон, гадны хүмүүсийг шагнасан зэрэг зөрчлүүд гарсанд анхаарч ажиллах шаардлагатай байна гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаас гаргасан байна.
Илэрсэн зөрчил
-Орон сууцны хөнгөлөлтөд 2009 онд 3416,0 сая төгрөг, 2010 онд 2320,0 сая төгрөг зарцуулсны дотор яамны 33 хүнд 565,0 сая төгрөг олгосон, хамтран ажилладаг нэрээр салбарын яамд төрийн захиргааны байгууллагын 28 хүнийг 14,0 сая төгрөгөөр шагнаж төлөвлөгдөөгүй зардал гаргасан.
-Түүнчлэн 3.0 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2005 онд ашиглалтад орсон Жаргалантын аман дахь “Ханрим” зочид буудал болон зочид буудлын зоогийн газрын ашиглалт хангалтгүй.
-Гэрээний гүйцэтгэлд хяналт тавих, гэрээг дүгнэх, гэрээний үүргийн биелэлтийг хангуулах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна. Тухайлбал: 2010 онд “ОКЕЙ СЕРВИС” ХХК-ний нийлүүлсэн галын машин, “Мост интернейшнль” ХХК нийлүүлсэн цэвэрлэгээ үйлчилгээний тусгай зориулалтын машин нь гэрээнд заасан үзүүлэлтийн дагуу нийлүүлэгдээгүй.
-Дотоодын авиакомпаниудыг дэмжин навигацийн үйлчилгээ, газрын тусгай үйлчилгээний хямд тариф тогтоон дэмжсээр байхад үйлчилгээний төлбөрөө төлөхгүй 5,1 тэрбум төгрөгийн авлага үүсгэсний дотор “МИАТ” ТӨХК-аас 3,8 тэрбум төгрөгийн, “АэроМонголий” ХХК-аас 1,1 тэрбум төгрөгийн авлага аваагүй.
-“Төрийн албаны тухай хууль”-аас 7.1.7-д “хуульд өөрөөр заагаагүй бол тохируулах болон хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийн удирдах ба гүйцэтгэх албан тушаал төрийн захиргааны албан тушаалд хамаарна” гэж заасан боловч, ИНЕГ-ын ажилтан, албан хаагчид /127 ажилтан/ тангараг өргөсөн төрийн албан хаагч бус гэсэн шалтгаанаар төрийн албан хаагчдын цалингийн сүлжээг баримтлахгүй байгаагаас ИНЕГ-ын ажиллагсдын дундаж цалин 1092,2 мянган төгрөг байна.
-УМХГ-аас 2008 онд хийсэн шалгалтаар тогтоосон актаас ЗТАЖЯ-ны гадаад дотоод томилолт, сэлбэг шатахууны зардал, орон сууцны үнэ зэрэгтэй холбоотой 313,2 сая төгрөгийн хоёр акт биелэгдээгүй байна.