Эхлээд дизель, дараа нь?

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Эхлээд дизель, дараа нь?

Эхлээд дизель,  энэ удаад Аи-92, дараа  нь..?

АИ-92 авто бензин тасарчихаж. Асуудлын буруутан нь бас л иргэд гэнэ.  Албаны хүмүүсийн үгийг сонсоход ард түмэн өөрсдөө зохиомол хөөрөгдөл үүсгэж, дотоодын зах зээлд хомсдол бий болгон нэг нь хожиж, нөгөө хожигдож байгаа юм байх. Өнгөрсөн амралтын өдрүүдэд импортлогчид АИ-92 бензин зарахаа больсон, шагийн үнэ нь 2000 төгрөгт хүрсэн зэрэг тавдугаар сард Монголын эдийн засгийг хямраасан таньдаг дүр зураг өнөө ч үзэгдсэн хэвээр.  Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нь хаа сайгүй харайлгаж, “хар алт”-ны эрэлд мордон байж шатахууны хомсдолд цэг тавьсан нь худлаа байжээ. Цаашлаад юуны хомсдол үүсч, хэн хэзээ хэрхэн сюрпириз барих нь таамаглашгүй. Эхлээд дизель,  энэ удаад Аи-92, дараа  нь..?

Эрэлт, нийлүүлэлтийн шок хийгээд инфляцийн өсөлт

Хомсдол нүүрлэсэн, хязгаарлалтад орсон, нийлүүлэлтийн үнэ өссөн гэх шалтгаанаар Монголын дотоодын зах зээлд шатахууны үнэ дөрөв дэх удаагаа өөрчлөгдсөн. Өөрчлөгдөх бүрийн цаана үнийн өсөлт нүүрлэж, нүүрлэсэн үнийн өсөлт нь хүнсний болон бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөх шалтгаан болж. Шатахууны хомсдол, үнийн өсөлт шалтаг хайсан хүмүүст сайхан далим болчихоод байгаа юм.

Өнгөрсөн тавдугаар сарын 7-ноос Монголын импортлогчид дизель түлшнийхээ худалдаанд хязгаарлалт хийж эхэлсэн. Энэ хязгаарлалт нь эдийн засагт нөлөөлөх хэмжээнд хүрсэн нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг багагүй сандаргаад авсан юм. Хэдийгээр дизель түлшний хангамж нэг үеэ бодоход харьцангуй сайжирсан ч гэлээ хомсдолоос болж Монголын  эдийн засгийн суурь бүтэц  үнийн өсөлтөд дарагдан өнгөрсөн дөрөвдүгээр сард 5,5 хувьтай байсан инфляцийн төвшин үсрэнгүйгээр  9,8 хувь болтлоо нэмэгдэж. Учир нь тавдугаар сард Монгол Улс давхар давхар шоконд орсон нь эдийн засагт болоод иргэдийн амьдралд хүндээр тусч байгаа.  Өрхийн зарлага нь орлогоосоо 100 мянгаар давсан гэх үзүүлэлтийн гаргасан Үндэсний статистикийн хорооны мэдээлэлээс харахад хэрэглээний  сагсан дахь үнийн индекст нөлөөлсөн том хүчин зүйлс нь шатахууны хомсдол болох нь ойлгомжтой байна. Эрэлтийн болоод нийлүүлэлтийн шоконд орсон  Монголын хэврэгхэн эдийн засаг энэ янзаараа үргэлжилбэл инфляцийн төвшин бүр хадуурч магадгүй нь. Төв банкны амласан нэг оронтой тоонд барих амлалт ч талаар өнгөрч болзошгүй. Өнгөрсөн сард инфляци  хоёр оронтой тоонд шилжихэд 0,1 хувь л дутсан юм. Өнгөрсөн жил 13 хувийн амжилтайтаар шинэ оны салют буудуулсан нь инфляцийг энэ онд нэг оронтой тоонд барих  том итгэлийг Монголбанк өвөрлөсөн. Тэд бодлогын хүүгээ 11,5 хувьд барьж инфляцийг 5,5 руу уруудуулсан бол эргээд инфляци эрчтэйгээр өсөх үзүүлэлт харагдаж байна.  Олон улсын валютын сангаас төсвийн тэлэлтээс болж Монголын инфляци 20 хувь хүрнэ гэсэн урьдчилсан оношийн хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж, дэлхийн шинжээчдийн эсрэг зоригтой эсэргүүцэл үзүүлсэн Монголбанк шатахууны хомсдол энэ хэвээр үргэжилбэл инфляцийн өсөлтийг саармагжуулахын тулд  бодлогын хүүгээ дахин нэмэхэд хүрч болзошгүйгээ зарлалаа. Энэ нь эдийн засгийн халууны эсрэг вакцин болж, инфляцийг бууруулах хөшүүрэг болж чадах болов уу, яах бол.

“Цулбуур”-ыг нь сул хаях уу, цугтаа хямрах уу…

УИХ-ын хурлын гишүүн З.Энхболд твиттертээ нэгэн саналыг  дэвшүүлж.  “Нефть бүтээгдхүүн импортын картель байгуулъя. Онцгой эрхийг нэг компанид өгнө. Лицензийн нөхцөл нь дэлхийн үнээр авна, тэр үнээрээ зарна” гэх түүний санал газрын тосоо боловсруулж чадахгүй, дотоодын хямралаа зохицуулж дийлэхгүй байгаа Монгол Улсад  хэрэг болохуйц санал юмсанж. Үнэндээ бол энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь түүний нэгэн адил УИХ-ын гишүүдийн асуудал. Тодруулбал, шатахуун боловсруулах үйлдвэр барих, шатахууны зохицуулалтыг хэрхэн хийх, татварын хөнгөлөлт ямар байдлаар үзүүлэх зэрэг  нь УИХ бүрэн эрхийн  хүрээнд шийдвэрлэх асуудал.   Монгол Улсын хувьд дотоодын  зах зээлд үүсээд байгаа шатахууны хомсдолын эсрэг авах арга нь үнийн чөлөөлөлт болжээ. Үнийг нь хязаарлаж, борлуулалтаа хязгаарласнаас  илүү жолоо, цулбуурыг сул хаячих хэрэгтэй. Эрхбаригчид, импортлогчид, энгийн иргэд бүгдээр цугтаа хямралгүй,  цулбуурыг нь дурын компаниудад олгочихвол шатхууны хомсдолд орж шалдаа буутлаа гуйлга гуйхгүйсэн биз. Өнөөдрийн байдлаар Монголын импортлогчдын зарж буй нефтийн бүтээгдэхүүний үнэ нэг ижил төвшинд байгаа.  Дизель түлш 1750, Аи-92 1500, Аи-80 1200 төгрөгийн үнэтэй байгаа юм. Чөлөөт зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх л гэж зүтгэж байгаа юм бол импортлогчдын өмнөөс зовлон тоочиж, ижил тэгш хуваарилалт хийхээр зүтгэж, иргэдийг буруутгах асуудал төрийн яам, тамгын газар, агентлагуудад байхгүй болно.  Хэн хямд үнэ хэрэглэгчдэд санал болгоно, тэр компани хэрэглэгчдээр өөрийгөө хүрээлүүлэх нь тодорхой. Түүнээс төр бүх асуудалд оролцоод, асуудлыг өөрийнхөөрөө шийдвэрлэхээр зүтгээд байвал өнөөдөр үүсээд байгаа хямрал  маргааш арилах нь юу л бол. Газрын тосны үйлдвэр барьтал гал алдахгүй байх ганц арга бол үнийн чөлөөлөлт. Эхлээд дизель,  энэ удаад Аи-92. Харин дараагийн сюрпириз нь эрчим хүчний “хомсдол” байвал яана аа. Баруун аймгийнхны эрчим хүч тасарчихвал их л эвгүйхэн асуудал босох нь тодорхой. Энэ бол Монголын парламент,  Засгийн газар, Эрдэс баялаг эрчим хүчний яам, Газрын тосны газарт анхааруулсан анхны ч биш, эцсийн биш сануулга. Энэ сануулгууд эцэстээ  хэзээ нэгэн цагт тэсэрч л таараа. Тэгэхээр Монгол Улсын эдийн засаг “дэлбэрэх” болно. Тэр үед Монгол яах вэ. Өнөөдрийнх шиг хойд хормойгоо авч урд хормойгоо нөхсөөр явах уу. Ингээд  дэлхийн улс орнуудын нефть бүтээгдэхүүний үнэ, иргэдийн дундаж цалинг харьцуулсан харьцуулалтыг сонирхуулья.

Ж.Эрхэс  /сурвалжлагч/

Зохиогчийн эрх "Ардын эрх"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж