Японы төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

Японы төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл өчигдөр Японы Социал демократ намын гишүүн, Төлөөлөгчдийн танхимын гишүүн асан Химори Фумихиро тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл МАН-ын түүхт 90 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцож байгаа эрхэм төлөөлөгчдөд талархлаа илэрхийлээд, 1990 онд Монгол орон зах зээлийн харилцаанд шилжих үед Японы ард түмэн, Засгийн газар маш их туслалцаа үзүүлсэнд талархалтай байдгаа хэлсэн. УИХ-ын дарга Монгол Японы харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж байгаа дурьдаад эдийн засгийн харилцан ашигтай, бие биеэ нөхсөн харилцааг хөгжүүлэх санаачлагыг дэмжиж байна гэв. 
 
Ноён Химори Фумихиро МАН-ын  үүсч байгуулагдсаны ойн арга хэмжээнд урьсанд талархаж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, ”Улаанбаатар-Наритагийн хооронд өдөр бүр шууд нислэгтэй болох гэж байгааг өчигдөрхөн сонслоо. Энэ нислэг хоёр орны харилцаанд ашиг тусаа өгнө гэж бодож байна. Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чадах бүхнээ хийнэ” гэлээ.
УИХ-ын дарга дараа нь БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Ким Чхун Хван тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга МАН-ын 90 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцож байгаад баяртай байгаагаа илэрхийлээд Монгол, Солонгос улс язгуур гарал ойрхон, тийм ч учраас хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгдөг хэмээн хэллээ. Мөн тэрбээр, “Манай орноос гадаадад ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн дийлэнх нь БНСУ-д байгаа. Тус улсад хараар ажиллаж, амьдарч байгаа иргэдэд нэг удаагийн уучлал үзүүлэн виз олгох саналыг миний бие тавьж байсан. Энэ асуудалд анхаарлаа хандуулна гэж хүлээн харж байгаа” гэж хэлсэн.

Ноён Ким Чхун Хван МАН үүсч байгуулагдсаны 90 жилийн ойн баярын мэндийг УИХ-ын даргад хүргэсэн. Тэрбээр, “Бидний гарал үүсэл нэг. Тийм ч болохоор Монгол Улс гэхээр их дотно сэтгэгдэл байнга төрдөг. Чингис хаан Солонгос Улсыг бусад улсаас тусгайлан үзэж, ард иргэдийг тайван амгалан байлгах тал дээр сэтгэл тавьж байсан тухай би түүхээс уншиж байсан. Бид дотны харилцаатай хүмүүс. Саяхан манай улс Араб руу цахилгаан станцын тоног төхөөрөмж нийлүүлсэн. Монголд ч ураны нөөцөд түшиглэн цахилгаан станц байгуулж болох тухай бодол надад төрж байлаа. Түүнчлэн Монголын газар нутаг үржил шимтэй, өргөн уудам. Энэ газарт тарьсан тариа, будаанаасаа манай орон руу экспортолж, биднээс техник, технологи импортлох боломж бас бий” гэж хэлсэн юм. Тэрбээр БНСУ-д ажиллаж буй 30 гаруй мянган монгол иргэдэд урьд урьдынхаас илүү боломж олгохын төлөө ажиллана гэлээ. Мөн хоёр орны иргэд визгүй зорчих асуудалдч анхаарлаа хандуулан ажиллахаа амаллаа.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж