Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан холбооноос тус дүүргийн Засаг даргыг ажлаас халах тухай Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас /ИТХ/ гаргасан шийдвэрийг үл тоож байна хэмээн Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярт хандан мэдэгдэл хүргүүлсэн талаар өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээллээ.
Тус дүүргийн ИТХ –аар дүүргийн Засаг дарга Ч.Сайханбаярыг үүрэгт ажлаа гүйцэтгэх чадваргүй, иргэдийн төлөө ажилладаггүй зэрэг шалтгаанаар огцруулах нь зүйтэй хэмээн шийдвэр гаргасан гэж хэвлэлийн бага хурлыг зохион байгуулагчид мэдэгдлээ. Мөн шийдвэрийг Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаярт өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд хүргүүлсэн боловч асуудалд ажил хэрэгч байдлаар хандахгүй өдийг хүрсэн гэлээ.
Энэ үеэр “Дүүргийн засаг даргын албан тушаалын төлөөх тэмцлээс болж тус дүүргийн 250 мянга гаруй иргэний эрх ашиг хохирч, энэ оны төсөв, төлөвлөгөө хойшлогдсоор нэг улирал дуусах нь. Дүүргийн иргэдэд үйлчлэх үйл ажиллагаа зогсонги байдалд орохоос гадна, сургууль цэцэрлэг, төрийн байгууллагын ажилчид цалингүй ажиллаж байгаа тул ажлаа хийхээс татгалзаж ажил хаяхдаа хүрээд байна. Иймд дүүргийн Засаг даргыг яаралтай сольж, төрийн албаны тогтвортой үйл ажиллагааг үргэлжүүлэхгүй бол Сонгинохайрхан дүүргийн төрийн болон иргэдийн нийгмийн асуудал зогсонги байдалд орло” гэж байв. Мөн өнөөдөр хотын даргад хүргүүлсэн энэхүү мэдэгдэлдээ “Сая гаруй хүнтэй хотын эрх ашгийг хөндсөн олон асуудалд чадваргүй хотын дарга гэдгээ харуулсан тул албан тушаалаасаа огцрохыг шаардаж байна.” гэжээ.
П.НАРАН