АНУ-ын цөмийн станцууд эгзэгтэй байдалд оржээ

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

АНУ-ын цөмийн станцууд эгзэгтэй байдалд оржээ

АНУ-ын Небраска мужид сүүлийн өдрүүдэд тасралтгүй орж буй борооны улмаас үерийн аюул нүүрлэж, Миссури голын усны төвшин огцом дээшлээд байна.

Үерийн аюул зөвхөн ард иргэд, аж ахуй нэгжүүдийг бэлэн байдалд оруулаад зогссонгүй тус муж дахь хоёр атомын цахилгаан станцыг эрсдэлд оруулжээ. Хоёр станцын нэгнийх нь нэгдүгээр давхарт ус нэвчсэн тул АНУ-ын цөмийн зохицуулах агентлагууд Небраска дахь хоёр атомын цахилгаан станцын гэмтэж болзошгүй техник хэрэгслүүдийг осолтой нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Цөмийн зохицуулах агентлагаас голын усны төвшин дээшилсэн ч зохих арга хэмжээнүүдийг шуурхай авч явуулсан тул айх аюулгүй хэмээн мэдэгдсэн байна. Дээрх хоёр атомын цахилгаан станцын нэг нь Форт Калхун гэдэг Омахагаас хойш 32 км зайд оршдог станц бөгөөд станцыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш түр унтраагаад байгаа аж. Форт Калхун станцад 60 см орчим хэмжээнд ус нэвчсэн ч атомын цахилгаан станцыг хариуцагчдын мэдээлж буйгаар цөмийн тогоо, трансформаторын эргэн тойрон үерийн найдвартай хамгаалалтын ханатай түүнчлэн зургаан хяналтын мэргэжилтэн байнгын бэлэн байдалд ажиллаж учир элдэв осол гарахгүй гэж мэдэгдсэн байна.

Харин нөгөө атомын цахилгаан станц нь Омахагаас 128 км зайд байршилтай Куперийн станц юм. Уг станц одоогоор бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа ч усны төвшин дээшилж байгаа гэсэн анхааруулгаас үүдэн өндөржүүлсэн бэлэн байдалд ороод байна.

Монтана болон Умард Дакотад олон хоног үргэлжлэн орж буй бороо, Роки уулаас буусан шар ус зэрэг нь Миссуригийн усны төвшинг нэмэгдүүлэх гол шалтгаан болжээ. Усны төвшин дээшилж байгаагаас голын ойролцоо оршин суудаг 250 орчим айлыг яаралтай нүүхийг анхааруулжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж