Якузагийн гангстер эрхтэний донор болжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Якузагийн гангстер эрхтэний донор болжээ

Японы цагдаа нар хууль бусаар эрхтэн шилжүүлэн суулгасан хэргээр Токиогийн Эдогава эмнэлгийн мэс заслийн эмч, Якузагийн бүлгийн гишүүн өөр хоёр этгээдийг баривчилжээ. 55 настай мэс заслын эмчийг эрхтэн шилжүүлэх мэс заслын донор болсон Якузагийн бүлгийн  гангстерд 10 сая иен өгч, эрхтэн худалдаалахыг хориглосон хуулийг зөрчсөн гэж буруутгаж  байна. Энэ хэрэгт мэс заслын эмчийн эхнэр мөн холбогдсон ажээ.

Хууль бусаар эрхтэн шилжүүлэх мэс засал хийсэн дээрх хэрэг Японд гарч буй хоёр дахь тохиолдол гэнэ. 2006 онд Эхимэ мужийн Уважима Токушукай эмнэлэгт хууль бусаар эрхтэн шилжүүлэн суулгасан хэрэг гарч байжээ. Харин Якузагийн бүлэг ийм хэрэгт оролцсон нь анхны тохиолдол гэнэ. Баривчлагдсан  мэс заслын эмч  өөртөө донор болох Якузагийн бүлгийн гишүүнтэй тохиролцсон байсан ч төлбөрийг өгч чадаагүйгээс мэс засал хойшлогдсон ажээ. Харин үүний дараа эмч өөр донор олж авсан нь тогтоогдсон байна. Эмч 2005 онд бөөрний дутагдалд орсноос хойш байнга эмчилгээ хийлгэдэг байсан ажээ. Японд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг зөвшөөрдөг боловч амьд хүнийг донор болохыг хориглодог байна.  Гэвч мэс засалд шаардлагатай эрхтэнг захиалснаас хойш  дор хаяж 15 жил хүлээх шаардлагатай байдаг гэнэ. Мөрдөн байцаалтын үеэр эмч амьд донорын бөөрийг шилжүүлэн суулгах мэс засалд орохоор Филиппин явахаар төлөвлөж байсан гэж ярьсан байна. Гэвч тус улсын ядуу иргэд мөнгөний төлөө эрхтэнээ худалдаалж буй нь олон улсын хүний эрхийн байгууллагын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсны дараа Филиппиний засгийн газар 2008 онд амьд хүмүүсийг эрхтэнийн донор болохыг хориглосон шийдвэр гаргасан юм. Японы хуулиар  хууль бусаар эрхтэн шилжүүлэн суулгасан этгээдэд таван жил шоронд хорих ял, таван сая иенээр торгох шийтгэл оногдуулдаг байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж