Оросууд хэдэн цэргээ алдсан бэ?

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Оросууд хэдэн цэргээ алдсан бэ?

Агуу эх орны дайнд Зөвлөлт холбоот улсын амссан хохирлын тооцоо нь түүхчдийн шийдэж чадаагүй байгаа шинжлэх ухааны бодлогын нэг хэвээр байна. Албан ёсны статистикаар 26,6 сая амь үрэгдэгсэд тэдний тоонд 8,7 сая цэргийн албан хаагчид  гэдэг ч энэ нь хохирлыг бууруулсан тоо гэдэг. Нийтэд тараасан төсөөллөөс зөрөөтэй нь хохирлын үндсэн хэсгийг Зөвлөлтийн энгийн иргэд биш цэргийн албан хаагчид (13,6 сая хүртэл) эзэлж байгаа ажээ.

Агуу эх орны дайн эхэлсний 70 жилийн ойгоор энэ дайнд үрэгдэгсдийн тооцооны талаарх цэргийн шинжээчдийн мэтгэлцээнийг «Газета.Ru» цахим хэвлэл нийтэлжээ.

“Зөвлөлтийн цэргийн хохирлын хэмжээний үнэлгээ нь Агуу эх орны дайны түүхийн хамгийн эмзэг асуудал болж байна. Албан ёсны тоо нь 8,7 сая цэргийн албан хаагч, нийт 26,6  сая хүн амиа алдсан гэдэг ч цэргийнхний хохирлыг дарсан тоо. Энэ нь Улаан армийн хохирлыг Герман ба тэдний хамсаатнуудын зүүн фронт дээр үзсэн хохирлын тоотой бараг ижил гэж гаргах гэсэн оролдлого юм. Үүгээр бид немцүүдээс дутуугүй байлдаж байсан гэж олон нийтэд үзүүлэхийг хичээж байсан” хэмээн түүхийн ухааны дэд доктор, хэл шинжлэлийн доктор, Оросын ПЕН-төвийн гишүүн, түүх ба хэлний шинжлэх ухааны польш, эстон, япон хэлнээ хөрвүүлэгдсэн 67 номын зохиолч Борис Соколов үзэж байна. Улаан армийн жинхэнэ хохирлыг 1990-ээд оны эхээр цэргийн сэдэв бараг цензургүй байх үед хэвлэгдсэн баримтуудаар тогтоож болно гэж тэрээр хэлэв.

“Бидний үнэлгээгээр  Зөвлөл­тийн зэвсэгт хүчний алагдсан ба амиа алдагсдын тоо нь 27 орчим сая хүн байгаа нь Зүүн фронт дахь Вермахтын хохирлоос бараг  10 да­хин их байна. Зөвлөлт холбоот улсын нийт хохирол нь энгийн иргэдийг оролцуулаад 40-41 сая хүн болж байна. Энэ үнэлгээ нь 1939 ба 1959 оны хүн амын тооллогыг харьцуулахад батлагдаж байгаа юм. 1939 онд цэрэг татлагын эрчүүдийн тоог нэлээд их хэмжээгээр дутуу тоолсон гэж үзэж болох талтай. Үүнийг 1939 оны тооллогоор 10-19 насны эмэгтэйчүүдийн тоо мэдэгдэхүйц  их болсон  нь  хэсэгчлэн харуулж байна. Цэвэр биологиор харин үүнээс эсрэгээр байх ёстой” гэж тэрээр үзэж байна.

Борис Соколовын хэлж буй 27 сая цэрэг амь үрэгдсэн гэдэг тоо нь цэргийн формыг 1941–1945 онд өмссөн Зөвлөлтийн иргэдийн ерөнхий тоотой давхцаж байх ёстой хэмээн Агуу эх орны дайны тухай 20 ном бичсэн, Оросын цэргийн архив, Батлан хамгаалах яамны Төв архив ба Оросын Батлан хамгаалах яамны Цэргийн түүхийн институтад ажиллаж байсан Алексей Исаев үзэж байна.

“Дайны эхэнд арми, флотод 4826,9 мянган хүн дээр нь Батлан хамгаалахын ардын комиссиатад харьяалагдаж байсан бусад албаны 74,9 мянган хүн байсан. Дайны жилүүдэд, 1941 оны зургадугаар сарын 22-нд цэргийн цугларалтад очсон хүмүүсийг оролцуулаад  29 574,9 сая хүн дайчлагдсан байна. Энэ тоонд ойлгомжтой шалтгаанаар дахин татагдсан хүмүүсийг тоолоогүй. Ийм маягаар Зэвсэгт хүчинд нийтдээ 34476,7 мянган хүнийг тэдний тоонд цэргийн эмнэлгийн 1046 мянган хүнийг татсан. 1945 оны долдугаар сарын 1-ний байдлаар арми, флотод цэргийн эмнэлгийнхнийг оруулаад 12839,8 мянган хүн байжээ. Энгийн аргаар тоолоход армид татагдсан иргэд ба Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний зөрөө дайны төгсгөлд 21629,7 мянган хүн байснийг бөөрөнхийлөөд 21,6 сая гэж тооцож болно. Энэ нь Соколовын тооцсон 27 сая цэргийнхэн үрэгдсэн гэдгээс огт өөр тоо юм. Зөвлөлтөд  1941–1945 онд ашигласан хүний нөөцийн төвшинд тийм их хохирол байж болохгүй. Цэргийн насны эрчүүдийг ямар ч орон 100 хувь цэрэгт татдаггүй. Дайны үед эмэгтэйчүүд ба хүүхдүүдийн хөдөлмөрийг ихээхэн ашиглаж байсан ч ямар ч тохиолдолд цэргийн аж үйлдвэрийн суурь машин дээр цөөнгүй тооны эрчүүд ажиллаж байсан. Хэдэн тоог хэлье. 1942 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар Т-34 танк үйлдвэрлэдэг № 183 үйлдвэрт эмэгтэй ажилчдын хувь нь дөнгөж 34 хүрч байлаа. Энэ үзүүлэлт 1944 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар доошлон 27,6 хувь болжээ. Ер нь бол 1942–1944 онд ардын аж ахуйд ажиллагсдын 53-57 хувь нь эмэгтэйчүүд байсан. Дээрх үйлдвэрт 14-17 насны өсвөрийн үеийнхний хувь нийт ажилчдын 10 орчим хувийг эзэлж байжээ. Иймэрхүү зураглал танкийн аж үйлдвэрийн салбарт ажиглагддаг. Салбарын ажилчдын 60 гаруй хувийг 18-аас дээш насны эрчүүд эзэлж байв. Дайны үеэр армиас цэргийн аж үйлдвэрүүдэд хүмүүсийг эргүүлэн татаж байлаа” гэж  Исаев ярьж байна.

Эргэшгүй хохирлын тооцоог гаргахдаа Батлан хамгаалах яамны  Төв архивын IX ба XI тасгуудын  хохирлын картад тулгуурлах хэрэг­тэй хэмээн түүхийн ухааны дэд док­тор, шинжлэх ухааны ахлах ажилтан Кирилл Александров  хэлж байна.

“Тийм картууд 15 сая гаруй байгаа гэж IX тасгийн ажилтан 2009 оны гуравдугаар сард надтай ярихдаа хэлж байсан юм. Түүнээс өмнө 2007 онд Цэргийн түүхийн институтын ажилтан, БХЯ-ны Төв архивын шинжлэх ухааныы ахлах мэргэжилтэн хурандаа  Владимир Трофимович Елисеев сургагчдад ярихдаа хоёр тасгийн эргэшгүй хохирлын картаар тоолсноор 13,6 сая цэргийнхэн амиа алдсан гэж ярьсан байв. Карт давхардсан мөн олон төвшний амиа алдсан цэргийн албан хаагчдыг тухайлбал тулааны явцад орон нутгийн хүн амаас шууд татаж байсан хүмүүсийг тооцоогүй, эсвэл баримтууд нь өөр архивт байгаа зэргийг  хассаны дараа тэр тоог гаргасан гэдгийг хэлэх хэрэгтэй байх” хэмээн Кирилл Александров өгүүлж байна.

Дайны эхний үеийн Зөвлөлтийн Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тоо ч маргаантай. Жишээлбэл, хурандаа генерал Г.Ф.Кривошеевын хэсгийн үнэлгээгээр Улаан арми, фло­тод 1941 оны зургадугаар са­рын 22 гэхэд  4,8 сая хүнтэй байсан бөгөөд энд хилчид, нисэх ба агаа­рын довтолгооноос хамгаалах мөн Дотоод яамны бүрэлдэхүүн орж байгаа эсэх нь тодорхойгүй. Оросын нэртэй эрдэмтэн дээрх тоог 5,7 сая хүн гэж хэлж байв. 1941 онд ар­мид татагдагсад ба ардын журамт цэр­гийнхний тооцоо ихээхэн муу хийгдсэн байна. Энэ бүгдийг тооцвол Зэвсэгт хүчин ба партизаны хохирол нь ойролцоогоор 16-17 сая хүн болж байна.

Энэ ойролцоо тоо Оросын шинж­лэх ухааны академийн Ардын аж ахуйн шинжилгээний институтын Е.М.Анд­реева, Л.Е.Дарс­кий, Т.Л.Харь­­­­­­­­кова нарын судалгааны хэс­гийн бараг хориод жилийн судал­гаатай ерөнхийдөө таарч байна. Тэд дайнд амиа алдсан 15–49 насны эрэгтэйчүүдийн тоог 16 сая 200 мянга орчим гэж тооцжээ. Зураглалыг бүрэн болгохын тулд цэргийн албанд татагдаагүй ч амиа алдсан 15-17 насны залуус, цэргийн алба хааж байгаад амь үрэгдсэн 49-өөс дээш насны эмэгтэйчүүд ба эрчүүдийг оруулах хэрэгтэй. Ер нь бол Оросын Батлан хамгаалах яамны 8,6 сая гэсэн албан ёсны тоо болон Борис Соколовын 27 сая гэсэн тоонууд буруу гэж төсөөлөгдөж байна.

Ш.МЯГМАР

Холбоотой мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.


Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж