Клинтоны тухай ардын дуурь

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Клинтоны тухай ардын дуурь

Нью-Йорк хотноо ерөнхийлөгч асан Билл Клинтоны бага насны тухай «Билли Блайт» нэртэй фолк дуурийг Театрын төв Metropolis Opera Project хоёр удаа үзүүлжээ. «Билли Блайт» дуурийг зургадугаар сарын 19, 20-нд хоёр удаа үзүүлсэн байна. Энэхүү дуурийг ардын гэж тодотгож байна. Дуурьт Клинтоны төрөлх Арканзас мужийн мэргэжлийн бус жүжигчид тоглов. Хөгжмийг Бонни Монтгомери бичиж, либреттог нь түүний найз залуу Бритт Барбер зохиожээ. Жүжгийг ерөнхийлөгч асны дурсамжийн номны бага насны хэсгээс авч зохиосон байна. Гурван үзэгдэлт дуурийн эхний хэсгийн урьчилсан тоглолт өнгөрсөн намар Атланта хотод болж Нью-Йоркийн жүжигчдийн анхаарлыг татжээ.

“Анх жүжгийн тухай сонсоход маш сонирхолтой санагдаж байлаа. Үнэн хэрэгтээ гайхалтай, сайхан жүжиг байсан нь бидэнд их таалагдсан” гэж анхны тоглолт дээр дуурийг найруулсан Зак Жеймс хэлжээ. Жүжгийг бүтээсэн Театрын төвийг Жеймс хамтрагч нарынхаа хамт 2008 онд байгуулсан бөгөөд залууст дуурийн тухай орчин үеийн ойлголт өгөх зорилготой аж.

Театр тавих жүжгийг сонгохдоо чухал үйл явдлуудын сэдвийг голчилж орчин үеийн хөгжмийн бүх стилийг оруулдаг байна. Клинтоны тухай дуурьт фолк хөгжим голлож байгаа нь сэдэвтээ их тохирсон гэж тэд хэлж байна.

Клинтоны «Миний амьдрал» намтар 2004 онд хэвлэгдсэн. Дуурьт энэ намтрын нэг бүлгийг өгүүлсэн бөгөөд ирээдүйн ерөнхийлөгчийн 1959 оны нэг өдрийн зураглалыг харуулдаг. Тэр үед 13 настай Клинтон эх, хойд эцгийнхээ хамт Арканзасын Хот-Спрингс хотонд амьдарч байлаа. Жүжгийг ерөнхийлөгчийн эцгийн овгоор нэрлэжээ. Эцэг нь хүүгээ төрөхөөс гурван сарын өмнө автын ослоор амь үрэгджээ. Клинтон нь түүний хойд эцгийн овог юм.

“Арканзаст амьдарч байхдаа би Клинтоны тухай бишгүй сонсож байлаа. Гэхдээ түүний дурсамжийг уншсаны дараа дуурь бүтээх онгод минь орсон” гэж Монтгомери жүжгийг зохиосон тухайгаа ярихдаа өгүүлсэн байна. АНУ-ын ерөнхийлөгчөөр 1993–2001 онд ажиллаж байсан Билл Клинтон Арканзаст 2009 онд очихдоо зохиогч нартай нь уулзан ярилцжээ. Дуусаагүй байсан бүтээлийн урьдчилсан үзүүлэлт Атланта хотноо 2010 оны арваннэгдүгээр сард болоод тодорхой хэмжээний анхаарлыг татаж чадсан гэдэг. Дуурьт Клинтоны Цагаан ордонд өнгөрүүлсэн хугацааны талаар өгүүлээгүй. Клинтон Нью-Йоркт уг дуурийн нээлтэд уригдсан боловч даруу зан гаргаж очоогүй гэнэ.

Тэмдэглэхэд энэ нь Америкийн ерөнхийлөгч  дуурийн баатар болж байгаа анхны тохиолдол биш. 1987 онд “Никсон Хятадад” гэсэн дуурийн нээлт болж байв. Энэ жил уг дуурийг шинээр тавьж байгаа гэнэ. Рожер Руденстейн 2008 онд  АНУ-ын 43 дахь ерөнхийлөгчийн тухай «Чөтгөр ба Жорж Буш» гэсэн интернэт болон гар утсаар дамжуулан тараах зориулалттай дуурь бүтээж байжээ. Өнгөрсөн жил Metropolis Opera Project театрт цахим хөгжмийн Bully Pulpit гэсэн дуурийг үзүүлсэн ба рэп, хип-хоп стилийг ашигласан байсан. Энэ дуурьт Бага Буш, Никсон, Эндрю Жексон зэрэг гурван ерөнхийлөгчийг харуулсан юм.

“Улстөрчдийн тухай дуурь нь үзэгчдийн сонирхлыг татдаг. Учир нь тэдэнд эдгээр хүмүүс танил бөгөөд манай түүхийн нэг хэсэг юм” хэмээн энэ сэдвийн сонголтоо Зак Жеймс тайлбарлав.

Оросын улстөрчид театрын баатрууд болж байсан ч дуурь бол гараагүй. Италийн Дарио Фо “Хоёр толгойтой гайхал майхал” гэдэг нэртэй Владимир Путины тархийг Италийн ерөнхий сайд Сильвио Бердусконид суулгасан зохиомжтой жүжиг хийж байсан юм. Германчууд Путиныг Анна Политковскаягийн сүнстэй “уулзуулж” байв… Владимир Голышев  «Пребиотики» нэртэй жүжигтээ  Владислав Сурков, Дмитрий Песков нарын  Владимир Путины эсрэг хийж байгаа хуйвалдааныг харуулсан. Мэдээж уг жүжгийг тайзнаа гаргуулаагүй. Уг нь Ростовын Хүүхэд залуусын театрт жүжгийг тавихаар бэлтгэж байсныг нь театрын дарга хаасан юм. Гэхдээ Москвагийн Политехникийн дээд сургууль ба Номын яармагийн нээлт дээр уг жүжгийг уншиж танилцуулсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж