МАН-ын дарга уучлал гуйлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

МАН-ын дарга уучлал гуйлаа

Монгол ардын нам байгуулагдсаны 90 жилийн ойн өдөр МАН-ын дарга С.Батболд ард түмнээсээ уучлал хүссэн нь  онцлох сэдэв байлаа. Намын даргын хувьд  асар их зориг гарган, МАХН-ын үе үеийн  дарга нарын хийж зүрхлээгүй  алхмыг тэрбээр хийж чадав.  Тэмцэл ялалт, амжилт ололт, алдаа оноог хослуулан бүтэн жарныг туулж, бүхэл бүтэн гурван үеийг элээсэн МАН    энэ алхмаараа  түүхэнд тэмдэглэгдэж байна. 

90 жилийн хугацаан дахь  тус намд  амжилт оноо  их  ч   алдаа бас байсан. Их гүрнүүдийн геополитик, Коментерн, Бүх холбоотны коммунист (Большевикуудын ) намын тулгалтаар хийгдсэн улс төрийн хэлмэгдүүлэлт Монгол орныг нөмөрч, энэ хэлмэгдүүлэлтэд  монголын ард түмэн тэр чигтээ өртсөн гэдгийг түүх гэрчилнэ. Энэ хэлмэгдүүлэлтэд өртөн амь насаа алдан, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон иргэд, албан хаагчид, цэргийн дарга нар, лам хувраг, намын гишүүдийн ах, дүү, төрөл төрөгсөд, үр ач нарт  гүн эмгэнэл илэрхийлж, хэлмэгдэлтийг таслан зогсоох, газар авахуулахгүй байх талаар хүчин мөхөсдсөндөө ард түмнээсээ МАН ийнхүү уучлал хүслээ. Хэлмэгдэгсдийг цагаатгах ажил тус нам санаачлан эхлүүлснийг намын дарга С.Батболд дурьдаад, энэ ажил одоо үндсэндээ шувтарч байгааг тэмдэглэсэн юм. Нийгэмд шударга ёсыг улам бүр батжуулан тогтоох, улс төрийн ба бусад төрлийн элдэв хэлмэгдүүлэлт дахин гаргуулахгүйн төлөө МАН цаашид тууштай тэмцэж ажиллана гэдгээ МАН-ын дарга баярын хурлын индэр дээрээс амаллаа.

О.Билэгт

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж