Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдлыг багасгах, гэр хорооллыг барилгажуулах ажлын хүрээнд газраа эхний ээлжинд чөлөөлж өгсөн айлуудыг түр суурьшуулах 300 айлын орон сууц барьж байна. Энэ тухай нийслэлийн Засаг даргын өнгөрсөн оны 63 дугаар захирамжийн дагуу барилгыг Сүхбаатар дүүргийн XI хорооны Цагдаагийн гудамжинд буюу нийслэлийн Өмчийн харилцааны газрын аж ахуйн хашаанд бариулахаар болжээ.
Барилга угсралтын ажлын тендерт “Бэрэн констракшн” ХХК шалгаран ажлаа эхлээд байгаа аж. Энэхүү 300 айлын орон сууц нь нийт 14.2 мянган ам метр талбайтай, 15 давхар хос барилга юм. Талбайн хувьд 27-35 ам метр, нэг өрөө байхаар төлөвлөжээ. Уг түр сууцанд хот төлөвлөлтөд хувь нэмрээ оруулж, газраараа орон сууц сольж буй айлууд түр амьдарна. Цаашид Чингэлтэй дүүрэгт 300, Баянгол дүүрэгт 450, Сонгинохайрхан дүүрэгт 150 айлын гэхчилэн дүүрэг бүрт түрээсийн болон түр суурьшуулах орон сууцнууд барина гэж “Өнөөдөр” сонин мэдээлжээ.