З.Түмэнжаргал: Тоглолтоо хийчихээд Франц буцна

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

З.Түмэнжаргал: Тоглолтоо хийчихээд Франц буцна

З.Түмэнжаргал: Тоглолтоо хийчихээд Франц буцна
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, хүүхдийн зохиолч З.Түмэнжаргалтай ярилцлаа.

-Та гадагшаа яваад нэг хэсэг чимээгүй болсон. Сая тоглолтоо хийх тухай зарлал телевизээр явахыг сонсоод Монголд ирсэн юм байна гэж мэдлээ. Одоо хаана, ямар ажил хийж байна. Суугаа газрын тань сонин сайхнаас сонсъё?

-Би Францад, Парисын Сорбоны их сургуулийн гуравдугаар салбар болох Дорно дахины хэл, иргэншлийн их сургуульд багшилж байгаа. Их мундаг сургууль гэхэд гурван орны хэл л заана биз дээ. Тэгэхэд манайх дэлхийн 95 орны хэл заадаг, 95 орны эрдэмтэн мэргэд очиж багшилдаг том сургууль. Тийм сургууль дэлхийд ганц гэж гайхуулах дуртай. 1870-аад онд байгуулагдсан, 1960-аад оноос манай МУИС, УБДС-ийн багш нар зочин профессороор ажилладаг болсон юм билээ. Би УИХ-ын дарга агсан Л.Энэбиш гуайн дэргэд хэсэгхэн ажилласан юм. Тэндээс гараад “Нэр төр төв” гэж агентлаг байгуулаад Зохиолчдын хороон дээр хэсэг суусан даа. Тэнд байхад Жак Лигран гэж алдартай мундаг монголч эрдэмтэн ирж багш шалгаруулж авч таарсан юм. Нэлээд олон хүн шалгасны дунд би ороод тэнцчихсэн. “Гол учир нь чи бага ангийн багш байсан. Цагаан толгойн сурах бичиг зохиосон чинь их анхаарал татсан” гэж сүүлд хэлж байсан. Одоо зургаа дахь жилдээ Парист ажиллаж байна. “Ижийгээ баярлуулж яваарай” тоглолтоо жил бүр хийдэг уламжлалтай. Ноднин тасалчихсан. UB паластай гэрээтэй юм. Оюутны амралт ч таарлаа. Тэгээд тоглолтоо хийхээр Улаанбаатарт ирчихээд байгаа нь энэ.

-Та нэг хэсэг Франц, Монголын хооронд явж Ерөнхийлөгчийн зөвлөх хийж байл уу?
-Сургуультайгаа гэрээ байгуулчихаад намар нь явна гэж байтал Н.Энхбаяр Ерөнхийлөгч болоод зөвлөхөөр ажиллахыг урьсан. “Парис явах болсон. Амжихгүй байх аа” гэсэн чинь “Та яруу найрагч, гэргий тань дуучин. Дэлхийн соёлын төв болсон тийм газар руу явалгүй яах вэ. Гэхдээ таны ажлыг тасалдуулахгүйгээр болгоно” гэхээр нь намар аравдугаар сараас очиж хичээлээ заагаад хавар хичээл тарахаар ирж энд ажилладаг болсон. Парист байхдаа ч онлайнаар ажилладаг байлаа.  Ер нь би тавдугаар сард хичээл тарахаар ирж зусчихаад есдүгээр сарын сүүл хавиар буцдаг хүн. Өнгөрсөн зун гэхэд таван ном хэвлүүлж баахан бужигнуулж байгаад явсан.

-Танай оюутнууд ямар хүмүүс вэ. Монгол хэлийг Европт хэр тоодог юм бол?
-Анх очиход цөөхөн оюутан байсан. Бидний хүчээр гэчихвэл биеэ магтсан хэрэг болох байх даа, яваандаа оюутан олширсон. Би гэхэд гадаад оюутныг монгол хэлд сургах хоёр ном гаргалаа. Сүүлийнх нь нэлээд том ном бий. Оюутны тоо ч өсөөд ирсэн. Зөвхөн францууд биш, Бельги, Голланд, АНУ, Канадаас монгол хэл сурах гэсэн оюутнууд ирдэг. Сургуулийн сайт руу орж үзээд л ирдэг юм байна. Монгол хэлний хоёр багштай болсон. Нэг нь Ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээллийн албанд байсан Ш.Төмөрбаатар гэдэг залуу. Голлож сурч байгаа оюутнууд нь хэлний хоббитой нөхөд байдаг. Миний гурав дахь, дөрөв дэх хэл гэж сурах жишээтэй. Хэл сурч байгаа хүн олон янзын зорилго тавьдаг. Монгол хэл, түүх судлалын, харьцуулсан хэл шинжлэлийн, бизнесийн чиглэлээр сурдаг оюутнууд бий. Зарим нь аялал жуулчлалаар явахад хэл нэвтрэлцээд байх зорилготой ч байх шиг. Яг одоо бол 30 гаруй оюутан монгол хэл үзэж байгаа. Сонирхолтой нь янз бүрийн насны хүмүүс байдаг. 18-тай охин, 65-тай өвгөн ч байна. Миний шавь нар дотор 65-тай өвгөн ороод ирэхээр нь “Энэ нөхрийн юм сурна гэж юу байдаг юм. Яах гэж ингэж яваа юм. Юундаа хэрэглэх гээд байгаа юм бол” гэж гайхаж байсан. Бас чих хатуу. Сүүлдээ миний буруу байсныг ойлгосон. Тэрэн шиг монгол хэлийг сайн сурсан хүн бараг байхгүй.

-Ямар зорилготой монгол хэл сурсан гэнэ?
-Баатарлаг Монголын түүхийг сонирхдог. Танай түүхийн холбогдолтой номуудыг өөрийн нүдээр унших гэсэн юм гэж орж ирсэн. Одоо бол Монголын түүхийг унших байтугай Нууц товчооны франц орчуулгыг голдог хэдэн хүнтэй нэгдчихсэн шинэчилж орчуулахад оролцох маягтай явж байгаа. Тэгэхээр миний ойлголт их буруу байсан байгаа биз. Ер нь францчууд их сонин. Монголчуудад бодууштай юм тэднийд их байна.

-Юу нь тэр вэ?
-Бид монгол ойлголтоороо хөгшин гээд байдаг болохоос тэдний анхны төрөлт гэхэд дөчөөд наснаас эхэлж байгаа юм. Тэрнээс өмнө гэрлэх, хүүхэд гаргах тухай ойлголт бараг байхгүй. “Чи гуч гарчихлаа, хүүхэд шуухад оройтлоо” гэвэл жаахан тэнэг, мангардуу нөхөр байна гэж гайхна шүү. Тэгээд их ч өндөр наслах юм. Наян настныг нэг их хөгшин гэж бодохгүй. Тэгэхээр 65 настай оюутан гэдэг гайхмаар зүйл биш. Манай сургуулийн ерөнхийлөгчийн ээж бурхан болсон юм. “Ээж тань хэд хүрээд явчихав аа” гэсэн “Уг нь гайгүй ээ, 94-тэй л явлаа” гэсэн. Эндээс харахад монголчууд маань мэдээсэй гэсэн нэг зүйл анзаарагдсан. Францчууд тэтгэвэрт гарахаараа жинхэнэ баяр баясгалангийн үе нь эхэлдэг юм байна. Насаараа мөрөөдөөд биелүүлж чадаагүй хүслээ биелүүлдэг юм байна. Биднийг анх очсон жил манай авгай Б.Мягмарсүрэн /Ану/-г дуурийн дуулаач гэж нэг айл мэдэж л дээ. Гэртээ урилаа. Очсон чинь 80 настай эмэгтэй, нөхөр нь өөрөөс нь жаахан ахимаг хүн байна. Их гоё амьдрах юм. Нөгөө эмэгтэй хэлж байна. Манайх шиг авгай, чавганц гэвэл тэд чинь сүйд хийнэ шүү. “Би Б.Мягмарсүрэнтэй уулзъя гэж их бодлоо. Өнгөрсөн жил би дуурь сонирхогчдын нийгэмлэгт элссэн. Тэгээд хуучин ч гэсэн төгөлдөр хуур худалдаж авч нот сурсан” гээд тоглож үзүүллээ. “Энэ дуурийн ийм ариг боловсруулж давтаж байгаа” гээд бүр нот харж аялж үзүүллээ. Энэ бол тэднийд байдаг л нэг жишээ.  Манайхан бол тэдний анхны хүүхдээ төрүүлдэг насан дээр өвөө, эмээ болчихдог. Тэгэнгүүт “Одоо юу удах вэ дээ, хөгширлөө дөө” гэж суугаад л нэг их удалгүй “чад”. Тэгж болохгүй гэдгийг Францад очоод мэдлээ.

-Сэтгэлээрээ л юм аа даа, тийм ээ?
-Ер нь хүн юу бодно, түүгээрээ л амьдардаг юм байна. Гоё сайхан амьдарна гэж бодоод өөрийгөө дайчлах юм бол түүндээ хүрдэг. “Би ч яаж чадах вэ дээ, салгалж яваад үхнэ биз” гэвэл тэгдэг л бололтой юм. Түүнийг францчуудаас харж ажиглалаа. Хүний оюун санаа гэдэг асар их хүчтэй зэвсэг байдаг юм байна. Хүүхэд багадаа зураг ч юм уу сонирхож байгаад томроод орхичихдог доо. Тэгсэн мөртлөө бүр хаяж чаддаггүй. Түүнийгээ 70,80 хүрээд  завтай болохоороо үргэлжлүүлж, сонирхож, судалдаг юм байна. Хэсэг хэсгээрээ нийгэмлэг байгуулаад ажил зохиогоод явчихдаг. Тийм хүмүүст хов жив ярих, улс төржих, дэмий биеэ чагнаж өвчин тоочих, үхэхээ хүлээх дэмий зав огт алга. Хажуугаар нь сайхан агаар, эрүүл хүнс гээд юм бий л байх. Гэхдээ л гол нь оюун санааны эрч хүч байдаг юм байна. Түүнийг монголынхоо бүх хүнд хэлмээр санагддаг. Таньдаг мэддэг хүнтэйгээ тааралдахаар өөдөөс “Би тэтгэвэртээ гарчихсан. Өвчин хуучин ч ихтэй, юу удах вэ дээ” л гэх юм.

Гэхдээ монголд өөрчлөлт байна аа. Бидний багад тавин настай хүн асар хөгшин, үлгэрийн өвөө шиг үс сахалдаа дарагдсан юм явдаг байлаа. Өнөөдрийн тавьтнууд ид гоё, идэр насныхан байдаг болж. Нийгэм өөрчлөгдөөд, иддэг уудаг, өмсдөг зүүдэг, үзэж хардаг зүйл шинэчлэгдээд ирэхээр хүний өнгө зүс, жавхаа, сэтгэлгээ, бие хаа өөр болж байна. Мэдээлэл асар их нөлөөтэй юм байна шүү бас. Монголчуудын мах цусанд шингэсэн өөрөө өөрийнхөө урмыг хугалдаг, өөрийнхөө сүхээр өөрийнхөө урмын мөчрийг тас цавчдаг зангаа хаявал их юм бүтээнэ дээ. Даан ч идэр насанд хүрмэгц өвчин тоолж, үхэл боддог болохоор манайхан юм бүтээж чадахгүй байна.

-Нэг ёсондоо монголчууд оюун санаа, ухамсартаа хувьсал хийх цаг болжээ гэж та хэллээ. Улс орны хөгжил харин ямар байна?
-Гурван жилийн  өмнө би "Чингис" зочид буудалд солонгос номын нээлтэд оролцсон юм. Солонгосын нэг Ерөнхийлөгчийн тухай ном байсан шиг санаж байна. Тэр номыг ивээн тэтгэж гаргасан солонгос авгай өөрөө Ерөнхийлөгчийн зөвлөх байсан хүн юм билээ. Тэр хүн “Монголчууд та нар бадрангуй бай. Удахгүй дийлдэхгүй хөгжилтэй орон болно. Бусад оронтой харьцуулахад нүд ирмэхийн зуурт хөгжиж байгаа шүү” гэсэн. Тэгэхээр гаднын хүний нүдэнд манай хөгжил тийм содон тусч байгаа хэрэг. Жаахан замбараагүй байгаа тал бий. Тэрнээс биш хурдтай хөгжиж байгаа нь үнэн.

Оюутолгой, Тавантолгойгоо зөв ашиглавал үүнээс ч илүү хөгжинө.Оюутолгойг буруу шийдчихлээ л гэнэ. Засч болдоггүй юм уу. Тавантолгойгоо тэр замаар оруулахгүйг бас бодох хэрэгтэй шүү дээ.

-Уул уурхайн хөгжлийн ирээдүйг та яаж хардаг вэ. Гадаадад байгаа монголчууд сонирхож л суудаг байлгүй?
-Би эх орноо гэсэн сэтгэлтэй зохиолч, яруу найрагч хүн. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн зөвлөх байхдаа Аляскаар цуг явж байсан. Гол нь баялгаа яаж тэгш хувааж байгааг мэдэж авах гээд л яваад байсан юм. Персийн булангийн орнуудаар ч тэр л бодлогоор явж байсан. Монголын 2,7 сая хүн бүгд тэгш эрхтэйгээр Тавантолгойн хувьцаа эзэмшигч байх ёстой гэж Н.Энхбаяр сүүлд бичсэн байсан. Ашигт малтмалаа зөв ашиглавал Монгол Улс юу байсан юм бэ, дороо босоод ирнэ. Зөв явуулж чадах уу, үгүй юү гэдэг дээр л асуудал бий. Жаахан буруу явуулбал харин хэцүүднэ шүү.

-Тэр тэгш хувьцааг одоо өгөх гээд байх шиг байна…?
-Би буруу мэдээлэл аваад байна уу, яагаад байна. Тавантолгойн ордын 10 хувийг ард түмэндээ хувьцаа болгож өгөх юм шиг байна. Нэг хүнд 520-иод хувьцаа өгөх нь ээ дээ. Тэгсэн мөртлөө үндэсний компаниудад 30 мянган хувьцаа өгөх юм уу даа. Үндэсний компани гэдэг нь нарийн яривал бас л нэг хүн. “Эрэл” нэг хүний эзмшлийн компани биз дээ. Түүн шиг Дорж гэдэг хүний удирдсан компани бол Доржийн л өмч. Иргэн З.Түмэнжаргал 500 хувьцаа авахад иргэн Дорж үндэсний компанитай тул 30 мянгыг авах нь ээ. Ингэхээр адаглаад бид хоёрын хооронд баян хоосны ялгаа гарахгүй гэх газаргүй байгаа биз. Мэргэд, мэргэжилтнүүд их л мундаг бодож хийдэг байх. Гэхдээ л миний хэлсэн харьцуулалт буруу биш гэж надад санагддаг. Их эмзэглэмээр асуудал шүү. Үндэсний компани нэртэй, бүр их мушгиж бодвол төр, засаг баригчдын ах дүүс, ойрын хүмүүс, тийшээ орох бололцооны мэдээлэлд ойрхон хүмүүс л байгаа. Тэгвэл Баян-Өлгий аймгийн Сагсай сумын долдугаар багийн ард Болат яахав. Үндэсний компанийн эзэн, Болат хоёрыг харьцуулшгүй еэ. Ийм зүйл байх шиг байна. Уг нь нийт ард түмний хэлэлцүүлэг хийж байж үүнийг шийдсэн бол зөв байх л даа. Дээр  их ухаантай 76 хүн байгаа байх аа. Би тэгж бодож байна. Гэхдээ 76 хүн хэчнээн ухаантай байлаа гээд гурван сая шахуу хүнийхийг арай гүйцэхгүй болов уу.

-Ингэхэд таны уран бүтээлийн олз омог асуултгүй их биз дээ?
-Сайн байгаа. Өнгөрсөн жил дан Парист бичсэн шүлгээрээ “Гурвалжин аялгуу” гэсэн гурван мөрт шүлгүүдээр ном гаргасан. “Шүүдрийн гилбэлгээн” гээд хайку маягийн, авангард стилийн жижиг шүлгүүдтэй ном хэвлүүллээ. Одоо дэлхийн хүүхдийн сонгодог уран зохиолын оргил болсон есөн ботийг бэлдэж байна. Өмнө нь сонгодог утга зохиолын 50 ботийг удирдаж гаргасан. “Нисдэг алим” гэдэг үлгэр туужаа шинэчилж бичлээ. Францад байгаагийн хэрэг гарч л байна. Парисыг жил бүрийн шинэ оноор дэлхийн нэг номерийн дизайнерууд чимэглэдэг юм. Заримдаа сонгодог, зарим жил модерн стилиэр, үлгэр домгийн сэдвээр гээд өөр өөр. Одоогийн хүүхдэд зориулж өмнөх үлгэр, туужаа яаж өөрчлөх вэ гэдэг санааг заримдаа тэндээс олдог.  Дэлхийн хүүхдийн үлгэрийн дүрийг судлахад хэдхэн баатар дээр тогтдог. Чиполенно ч юм уу, далавчтай Карлсон, эсвэл агуу том, асар жижгийг харьцуулсан Гулливер ч юм уу. Ингэсхийгээд зогсдог. Өнгөрсөн шинэ жилээр Парисын шинэ жилийн чимэглэлийг дан хүүхэлдэйгээр хийсэн. Дэлгүүрийн шилэн хорго дотор дээрээсээ утсан уяатай хөөрхөн хүүхэлдэйнүүд босч, сууж гүйгээд л. Тэрийг харж байгаад “Нисдэг алим”-ыг өөрчлөөд хүүхэлдэйн ертөнцийн тухай өгүүлэх санаа төрсөн. Одоогийн хүүхдэд “Далан улаан үхэртэй, далиу улаан бухтай далан давхар харвинтай Далантай өвгөн” гээд ярихаар ойлгохгүй, тоохгүй, буухгүй.  “Эмгэн өвгөн хоёр байжээ” гэвэл бүр ч сонсохгүй. Миний номын найз, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал дөрвөн жилийн өмнө надад хэлж байсан юм. “Би бага хүүхэддээ зөндөө үлгэрийн ном авч өглөө. Огт хайхрахгүй юм. Орчин цагийн болгож өөрчлөх нь зөв юм шиг байна” гэж. Түүнээс хойш би бодоод л явсан юм. Тэр санаагаа Парисын хүүхэлдэйн ертөнцөөс олсон.  “Хүүхэлдэйн вант улсын хаалгаар ортол яв ягаан дээвэртэй цэв цэнхэр бяцхан байшин байна. Хаалгыг нь тогшоод ортол насан өндөр болсон хүүхэлдэй өвгөн эмгэн хоёр амьдран суудаг ажээ. Тэднийх бүх хүүхэлдэй охидын манлай болсон харж ханашгүй үзэсгэлэн гоо охинтой юмсанжээ” гээд эхэлбэл хүүхдэд шууд буух юм шиг санагдсан.  “Үл үзэгдэгч бяцхан хүмүүс” гэсэн тууж бичиж байна. Франц хэлээр гаргах бодолтой.

-Дууны шүлэг хэр тэрлэв?
-Нэг дуу хийгээтэх юмсан, тэгэх юмсан, ингэвэл яасан юм гэж хатгаж өгдөг хөгжмийн зохиолчдоосоо хол, тийм дуу хийлгэе гэж захиалдаг өдөөгчдөөсөө алс нэг сул тал байна. Гэхдээ одоо тоглолт дээрээ шинэ бүтээлүүдээсээ толилуулна.  “Шөнө” гээд шүлгээр Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайханы их сайхан романс маягийн ая хийсэн дууг “Voice” группын Отгонжаргал дуулна. “Харанга”-ынхан Европоор тоглож явахдаа манайхаар орж гарч байсан. Тэгэхдээ харьд байгаа монголчууддаа зориулж эх орноо санасан дуу хийх юмсан гэж Чука хэлж байсан юм. Тэдэнд “Зүрхний аргамжаа эх орон” гэж шүлэг хийж өгсөн. Тэрийг энэ тоглолт дээр дуулна. Буянаа гэж залуусын хайртай дуучин залуу Б.Долгионы ая, миний “Дөчин мянгатын хүүхдүүд” дууг гитартай дуулна. Шинэ бүтээлээсээ шилж оруулж байгаа юм.

-Хэзээ буцах билээ?
-Тоглолтоо гуравдугаар сарын 4-нд хийчихээд л зургаанд буцна даа. Мартын наймнаар гэргийтэйгээ хамт баймаар байна шүү дээ.

-Танай гэргий тэнд дуулж байгаа юу?
-Уран бүтээлээ байнга хийж байна. Заримдаа урилгаар энд тэнд дуулна. Уртын дуу ч дуулна. Поп ч дуулна. Дээр нь Парист ардын жүжигчин, мундаг төгөлдөр хуурч Т.Цолмон байгаа. Тэр хоёр чинь багш, шавь улс.

-Нээрээ тэнд Ш.Алтангэрэл Элчин сайдаар сууж байгаа бил үү?
-Тийм ээ. Тэр их завшаантай хэрэг болж байна. Багш, шавь хоёр байнга л бэлтгэл сургуулиа хийж байх юм даа. Удахгүй сайхан юм дуулгах байх аа. Төгөлдөр хуурч С.Саянцэцэг ч хамтрах байх.

-Хэзээ тэр сайхныг дуулгах бол?
-Хэзээг тэр гурав л мэднэ. Том юм гарах байх аа.

                            Д.ОЮУНЦЭЦЭГ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж