Грекийн хямралын халдвар Азид ч нөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Грекийн хямралын халдвар Азид ч нөлөөлнө

Грекийн санхүүгийн нөхцөл байдал Европыг төдийгүй Азийг ч бас цочроож байгаа гэдэг нь өнгөрөгч өдрүүдэд дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанаас харагдаж эхэлжээ. Тэгэхдээ Грект үүссэн нөхцөл байдлыг азийнхан болон европчууд харилцан адилгүй хүлээж авч байгаа бололтой.

Грекийн одоогийн засгийн газрын тэргүүн Папендреугийн танхимд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулж парламент нь дэмжсэн мэдээлэл гармагц өчигдөр азийн зах зээл дээрхи хувьцааны үнэ нэлээд өндөр ханштайгаар арилжаагаа нээж эхэлсэн байна.  Азийн санхүүгийн тоглогч нарт Грек улс санхүүгийн хямралт байдал, өрийн хүлээснээсээ сална гэсэн өөдрөг итгэл төрж байгаа бололтой.

Харин европчуудын хувьд Грекийн төсвийн өртэй холбоотой асуудал эцэслэх болоогүй хэмээн түгшиж байгаа нь еврогийн ам.доллартай харьцах ханш суларснаас харагдаж байгааг гадаадын агентлагууд мэдээлж байгаа юм. Тэгээд ч Грекийн талаар барьж байгаа азийнхны өөдрөг хандлага богино настай гэж европ америкийн зарим шинжээчид төдийгүй Азийн зарим санхүүчид ч дүгнэжээ.
Японы Ичиоши Инвестмент Менежмэнт компанийн санхүүч Акино хэлэхдээ, “ Грекийн зах зээл босож ирж байгаа ч энэ нь түр зуурын л үзэгдэл “ гээд хямралын үндэс суурь нь огт арилаагүй байна гэж сануулжээ. Мөн тэрээр Евро бүсэд болж байгаа өр зээлийн хямрал нь улам бүр хурдтай өсөж буй Азийн орнуудын зах зээлд хомсдолын дарамт авчрах вий гэхээс хөрөнгө оруулагчид айж түгшиж байгааг онцолжээ. 

Грекийн санхүүгийн асуудал энэ мэтээр давалгаалсан хямралыг дэлхий даяар түгээх вий гэсэн айдас ч санхүүгийн ертөнцөд хэдийнээ бий болсон байна.

Хэдийгээр Грекийн одоогийн засгийн газарт парламент нь итгэл үзүүлэн дэмжсэн ч энэ улсын санхүүгийн хямрал Португаль, Ирланд, Испани гэээд Европын асар том эдийн засагт ч мөн халдварлан хямраах айдас хаа хаанаа байгаа аж. Энэ мэтээр санхүүгийн хямрал улам халдварласаар даяаршсан дэлхийн эдийн засагт ч нөлөөлж, эхлээд Европын эдийн засгийг доройтуулан цаашлаад Азиас очих худалдааны урсгалд ч сөргөөр нөлөөлж эхлэх төлөв харагдах болсон гэнэ.

Саксо компанийн шинжээчийн хэлснээр бол Европ болон Грект үүсээд байгаа нөхцөл байдлаас болоод Азийн экспортын “машин” энэ оны сүүлээс эхлэн ажиллагаа нь удаашрах төлөвтэй байгаа гэсэн байна. Мөн тэрээр Испани бол маш том зах зээл учраас хэрэв Грекийн хямрал тэнд халдварлавал цаашлаад Азийн экспортод ч нөлөөлөх нь гарцаагүй хэмээн таамаглажээ.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж