
Дэлхийд баялагаараа гайхуулсан өмнийн цэнхэр говийн эзэд энэ өвлийг зүдрүүхэн давж, хахирган хаврыг зутруухан угтах нь ээ. Учир нь Даланзадгадын дулааны цахилгаан станцад өнгөрсөн нэгдүгээр сарын 19-ний 21:00 цагийн үед гэмтэл гарч, засварлах ажил хоёр сар дамнан үргэлжилж байгаа. Энэ хугацаанд даланзадгадчууд өдөрт хоёр удаа гурван цагийн хязгаарлалттай, халаалт авч, дулаан хувцас, зузаан хөнжил бараадан “өлчир” өвөлжлөө. Жил бүр дулааны цахилгааны станц иймэрхүү асуудлаар залхаадгийг оршин суугчид нуусангүй. Дээрх дулааны цахилгаан станцын удирдлагууд жил бүр өөрсдөөс шалтгаалах урсгал засварыг хийдэг ч ид ачаалал бүхий дүн өвөл гэмтэл гарч, засварлахад улсын төсвөөс багагүй хөрөнгө гаргадаг ёс тогтоод удаж байгаа аж. 2000 онд ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд улсын төсвийн 10 гаруй тэрбум төгрөгөөр гэмтэл засварыг засварласан, хөгжингүй орны хуучин эд ангиар тус станцыг барьж босгосон гэх хардлага хэдийнээ олны дунд тархаад байгаа. Энэхүү мэдээллийг тус станцын удирдлагууд шууд үгүйсгээгүй ч татаас, их засварын зардалтайгаа хольж хутгаад тэр хэмжээний хөрөнгө зарцуулсан байх талтай гэдгийг хүлээн зөвшөөрөх маягтай хариулт өгсөн.
Энэ удаад хоёрдугаар сарын нэгэнд Улсын Онцгой комиссын хурлаар Өмнөговь аймгийн дулааны цахилгаан станцын турбо, генераторын статорын ороомгийг засварлахад шаардагдах 260 сая төгрөгийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Онцгой комиссын хурлаар энэ асуудлыг оруулахаас өмнө мэргэжилтнүүд газар дээр нь очиж үзээд өмнөд хөрш рүү явуулж засварлахаас өөр ямар ч боломжгүй гэсэн дүгнэлт гарган дээрх хөрөнгийг улсын төсвөөс гаргуулсны дараа Түлш эрчим хүчний яамнаас дотоодын компаниуд засварлах боломжтой гэсэн хэд хэдэн санал ирүүллээ гэх үндэслэлээр сонгон шалгаруулалтаар нийслэлд авчирч, “Эд эс” гэх компанид засварлах эрхийг олгожээ. Манай улсын мэргэжилтнүүдийн ур чадвар сайн байгаад цаашид гэмтэл, доголдол гарахгүй хэмжээнд засварлаж байвал үнэхээр сайн байна. Гэтэл гадаадад аваачиж засуулна гэж төсөв хөрөнгө гаргуулчихаад дотоодын компаниудаар засуулж, завсраас нь хэдэн бор төгрөг “тоншиж” сурсан эрх мэдэлтнүүд арга заль гэхээс өөр юу гэх билээ. Айл өрхөөр төсөөлөх юм бол үйлээ баран байж олсон нөхрийнхөө цалингаас 10 төгрөгөөр авснаа 15 төгрөгөөр авсан гэж хадам, төрхөмөө тэжээдэг айлын эзэгтэйн арга зальтай дүйлгэж ойлгомоор. Нөгөө талаар сар гаруйн өмнө тус станцын дарга гуравдугаар сарын эхний долоо хоногт бүрэн засварлаж, хэвийн горимд шилжүүлэх ажил хийгдэнэ гэж байсан ч өнөөдрийн байдлаар угсрах нь бүү хэл засварын ажил дуусаагүй байна. Тус дулааны цахилгаан станц тойрсон энэ асуудал манай улсын бусад төрийг төлөөлсөн бүх салбарт бугшсан далд бизнес болоод байгааг холбогдох удирдлагууд анхааралдаа авахгүйгээс хариуцлага гэдэг хаа хаанаа алдарчихаад байгааг дээрх байдал харуулж байна.
Засварын ажил болон цахилгаан, дулааны хязгаарлалтыг хэрхэн зохицуулж байгаа талаар тус дулааны цахилгаан станцын дарга Д.Тулгаас өчигдөр тодруулахад “Одоогоор засварын ажил үргэлжилж байна. Энэ сарын 5-наас хөдөлгүүрийн засвар ерөнхийдөө дуусна. Засварын ажил дуусангуут Улаанбаатараас авчирч, угсрах ажил хийгдэх байх. Энэ сарын 10-ны дотор станцыг хэвийн горимд нь оруулах чиг үүрэгтэй ажиллаж байна. Станц уг нь хэвийн горимоор ажиллахад хоёр генератор, хоёр турбинаар ажиллах хүчин чадалтай байдаг. Цахилгаан гаргагч нэг генераторт гэмтэл гарснаар засварын ажил хийгдэж, цахилгааны хязгаарлалтаар оршин суугчид болоод албан байгууллагуудыг хангаж байгаа” гэсэн хариултыг өгсөн.
Даланзадгадын дулааны станцын техник тоног төхөөрөмжийн хувьд 2010 онд баталгаат хугацаа дуусч, өөрөөр хэлбэл энэ оноос эхлэн насжилт хэтэрч байгаа аж. Иймээс цаашид тус станцад техникийг бүрэн шинэчлэхгүйгээр элэгдэл засвар нэмэгдэнэ үү гэхээс багасахгүй нь. Мөн хөрсөн дороо асар их баялагтай Өмнөговь аймгийн тухайд уул уурхайн олборлолт, үйлдвэрлэлт, зам харилцааг дагаад хот суурингийн төвлөрөл нэмэгдэхэд ачааллаа даах хэмжээнд ажиллах найдвар тус станцад тун бага байгаа бололтой. Байгаль экологийг нь алдагдуулж, үнэт баялгийг нь өмлөөд, цөмлөөд авч буй мөнгөтэй төгрөгтэй, алдар нэртэйгээ гайхуулсан өнөө “Оюутолгой”, “Тавантолгой”-нууд орон нутгийн тулгамдаад буй энэ салбарт нэг удаад томоохон хэмжээний техник шинэчлэлтэд гар сунгах цаг болсон баймаарсан.