Нийгмийн халамжийн хуулийн төслийг зургаа дахь удаагаа буцаав

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Нийгмийн халамжийн хуулийн төслийг зургаа дахь удаагаа буцаав

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Иргэний эрүүл мэндийн даатгалын болоод Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг тус тус хийхээр төлөвлөөд байв.  Гэсэн хэдий ч дээрх хоёр хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг хойшлууллаа. Учир нь Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналаар тохиролцоонд хүрээгүй байгаа тул УИХ дахь Ардчилсан намын бүлэг уг асуудлаар завсарлага авч байгааг УИХ-ын гишүүн Л.Гантөмөр мэдэгдсэн байна.  Ингэснээр Нийгмийн халамжийн хуулийн төслийг хэлэлцэх асуудал зургаа дахь удаагаа буцаж байгаа аж.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Өнөөдөр манайд нийгмийн халамж багадаагүй байгаа. Гэтэл нийгмийн халамжид зориулахаар дахиад 100-аад тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө шаардлагатай болж байна. Халамжид хамрагдах зорилтод бүлгээ зөв тодорхойлох, аргачлалаа зөв гаргаж чадаагүй л байгаа. Иймд халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, аргачлалаа зөв болгох хэрэгтэй” гэж буцаах шалтгааныг зөвтгөв.

Харин Байнгын хорооны дарга Д.Очирбат “Завсарлага хэрээс хэтэрч байна. Энэ хуулийг хэлэлцээгүйгээс болж Дэлхийн банкнаас үзүүлэх тусламж дэмжлэг хойшлогдохоор болоод байгаа. Иймд улс төржиж болохгүй. Хуулийн төслийг хэлэлцэх зайлшгүй шаардлагатай” гэв.

Дахин дахин буцаад байгаад нь ажлын хэсгийн ахлагч Д.Дондог “Асуудлыг улстөржүүлэхгүйгээр шийдье. Болохгүй зүйлээ ажлын хэсэг дээр ярья л даа. Хэрвээ асуудлыг 2012 оны сонгуультай холбоод байгаа бол хуулийг 2012 оны дараа хэрэгжихээр хугацааг нь зааж болно шүү дээ” гэх буулт хийж буйгаа мэдэгдэв.

Гэвч АН-ын бүлэг завсарлагаасаа буцаагүй тул санал зөрөлдөөнтэй асуудлаа дахин сайтар ярилцаад даруй оруулж ирэхийг Байнгын хорооны дарга үүрэг болгохоос аргагүйд хүрэв. 

Хэлэлцэх асуудлын дараалалд байсан Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг энэ удаад хойшлуулах болсон шалтгаан нь Ажлын хэсгийн ахлагч Д.Одбаярын ажлын хэсгийн ахлагчаасаа татгалзсантай холбоотой байв. Хуралдааны эцэст УИХ-ын гишүүн З.Энхболд Тамхины тухай хуулийг хэлэлцье гэсэн горимын санал гаргасан хэдий ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг аваагүй байна.

Б.ЭНХМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж