
2011.06.22-ны өдрийн 12:30 цаг. Тус клиник эмнэлэгийн үүдээр оронгуут маш бүгчим орчин угтлаа. Өглөөнөөс эртлэн ирж эмчид үзүүлэх дугаараа авсан, бас сая орж ирсэн гээд маш олон иргэдийн урт дараалал тэнд үүсчихэж. Яг л 1990-ээд оны эхээр картын бараанд дугаарладаг шиг. Хонгилын сандалд шахцалдан сууж , бас хана, цонх налан зогсох хүмүүс хаа сайгүй. Зарим нэг нь өглөө 07.00 цагт дугаар авсан хэрнээ бага үдийн орчимд ээлж дугаараа хүлээсэн хэвээрээ. Ядаж байхад халуун, үдийн цаг таарсныг хэлэх үү, хаалга налан үүргэлцгээнэ. Нэгэнт л ирснийх үзүүлээд харихаар гүрийж байгаа нь энэ бололтой. Ялангуяа зүрх судас, мэдрэл, дотор гээд мэргэжлийн эмч нарт үзүүлэх, оношлуулах гэсэн хүмүүсийн тоо харьцангуй олон. Зарим нэг нь урд, ард хүндээ дугаараа захиснаар ходоодоо хоолоор баясгах санаатай цайны газар хайн дээш, доош шатаар өгсөж, уруудан сүлжилдэнэ. Удалгүй үдийн цайны завсарлага дууссан бололтой эмч нарын хаалга нээгдэж, ээлж дараагаар орсоор.
Урт дарааллын учир шалтгааныг тус клиник эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Н.Оюунцэцэгээс тодруулахад “Эрүүл мэндийн тухай шинэчилсэн хуульд эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэн бүр сар бүр 30 мянган төгрөгийн үзлэг, оношлогоо хийлгэх эрх нь нээлттэй болсонтой холбоотой. Ингэснээр ямар ч шалтгаангүйгээр эрхээ эдлэх гэсэн хүмүүсийн хөлд манай эмнэлэг дарагдчихаад байна. Ялангуяа шинжилгээний лабораториуд. Одоогоор өдөрт манай эмнэлэгээр мянга хол давсан хүн үйлчлүүлж байгаа. Эмч нар цаг, наргүй ажиллаад ч ачааллыг багасгаж чадахгүй байна. Үүнээс болж зарим нарийн мэргэжлийн эмч мэргэжилтэн дутмагаас үзлэг, оношлогоонд хамрагдах хүмүүс 3-7, зарим тохиолдолд 10 хоногоор хүлээх шаардлага гардаг. Хуулинд энэ заалтыг оруулахаас өмнө эрүүл мэндийн салбарын ажлын байр, тоног төхөөрөмж, эмч мэргэжилтнүүдийн ажлын ачаалал зэргийг тооцох үзээгүйгээс ийм байдал үүсээд байна” гэв.
Нэгэн эмээ ач, зээгээ дагуулан урт дараалалд зогсжээ. Түүнд өвдөх өвчин одоогоор байхгүй ч энэ сарын 30 мянган төгрөгийн давуу эрхээ эдлэн бие эрхтэндээ “тандалт судалгааг” хийхээр шийдэж. Тэрээр дотрын тасгийн эмчид үзүүлээд, одоо мэдрэлийн эмчийн үүдийг сахиж байгаа нь энэ. Ач хүүгээ ч давхар үзүүлэх даалгавартай өглөө эрт гэрээсээ гарсан гэнэ. Үзлэг, оношлогооныхоо үнэ, тарифаас шалтгаалаад 30 мянган төгрөгт багтаан оношлуулах ёстой аж. Харин Завхан аймгийн харьяат Г.Далайжаргал аймгийн нэгдсэн эмнэлгийн 13 дугаар маягтын дагуу оношлуулж, эмчлүүлэхээр тус клиник эмнэлэгээр гурван өдөр үйлчлүүлж байгаа ч төгс шинжилгээ өгч дуусаагүй байгаа гэнэ. Г.Далайжаргал “Гурван өдөр явлаа. Эцсийн онош гараагүй л байна. Эрүүл мэндийн даатгал ч нөлөөлөх багатай, 13 дугаар маягтаа бариад эмчид хандахад хөшүүрэг их болж байна. Арав гаруй жил улсад даатгал төлчихөөд түүнийхээ хэргийг одоо л гаргамаар байх юм. Би чинь зүгээр л улсад мөнгө төлөөд байсан гэж үү. Өвдсөн үедээ л хэрэг болгохын тулд эрүүл мэндийн даатгалд хамрагддаг гэж ойлгож байсан юмсан” гэх мэтээр эрүүл мэндийн салбар, даатгал тойрсон асуудлаар боломж олдсон дээр нь гэсэн шиг урсгаж гарлаа.
Хэвтэн эмчлүүлж буй бололтой нэгэн өвчтнөөс хэзээ эмнэлэгт хэвтсэн, даатгалын дэвтэр нөлөөлж буй эсэх талаар цөөн хором хөөрөлдөө. Сүхбаатар аймгийн харьяат н.Энхээ гэгч нь 20 гаруй хоног энэ клиник эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд ор хоногийн төлбөрт 216 мянган төгрөг төлжээ. Нийтдээ тэрээр эмчилгээний зардалд 700 гаруй мянган төгрөг зарцуулж. Эмчилгээний хувьд сэтгэл хангалуун байгаа боловч эм тарианы чанарын асуудалд сэтгэл дундуур буйгаа нуусангүй. Тэрээр бөөрний эмчилгээнд эмнэлгээс хийж буй тариа нь үр дүн өгөхгүй байсан тул гаднаас яг тийм тариа авчирч хийлгэснээр маш хурдан хугацаанд бие нь сайжираад эхэлсэн гэнэ. Учир нь эмнэлэгүүдэд тендерээр нийлүүлж буй эм бэлдмэл чанарын шаардлага хангахгүйгээс иймэрхүү байдал байнга гардаг аж. Энэ байдлын талаар холбогдох эмчээс тодруулахад хүлээн зөвшөөрч байх юм.
Зам засвар, барилга байшин барих тендерийг хөрөнгө санхүүгээс шалтгаалаад хамгийн доод үнийн саналаар сонгон шалгаруулалтыг хийж болох талтай. Гэтэл хүний амь настай холбоотой эм бэлдмэл нийлүүлэх тендерийг дээрхийн адил зохион байгуулж болохгүйг дээрх өвчтний яриа нотолж байх шиг. Хямд мэс заслын утас өгснөөс оёдол задрах, эмчилсэн эмчилгээ үр дүн өгөхгүй байх гээд балаг дагуулсан тендерийн нийлүүлэлтээс болж, эмч нар л бурууг үүрдэгт эрүүл мэндийн халуун гал тогоонд ажиллагсад нуухгүй байлаа. Даатгалын хувьд хэвтэн эмчлүүлэгчид оношоосоо шалтгаалаад 85 хувийг даатгалын сангаас, 15 хувийг өөрөө төлөх маягаар үйлчилдэг ч эрүүл мэндийн даатгалын сангаар үйлчлүүлэх лимит бас хязгаартай байдаг аж. Өөрөөр хэлбэл, хоёр тэрбум төгрөгний эрүүл мэндийн үйлчилгээг даатгалын сангаас төсөвлөсөн атал хэтрүүлбэл оны эцэст Сангийн яам өгөх эсэхээ шийддэг. Энэ мэтээр Улсын клиникийн төв эмнэлэгт нэг өдөр саатахад эрүүл мэндийн салбарыг тойрсон элдэв маргаантай асуудал бишгүй л өрнөлөө. Эрхэм сайд, дарга нараа нэг өдөр ч атугай нэгдсэн эмнэлэгт саатаад үзвэл яасан юм бэ?