
-Та Ерөнхий шүүгчид хүсэлт хүрүүлсэн үндэслэлээ тайлбарлахгүй юу?
-Би өөрийн итгэл үнэмшил болоод сайн дураараа нэгдсэн иргэдийн хамт Монгол ардын хувьсгалт нам гэсэн улс төрийн намыг улс төрийн намын тухай хуулийн 8-р зүйлийн 8.1 дэх заалтын дагуу албан ёсоор үүсгэн байгуулсан гэдгийг олон түмэн мэдэж байгаа. Энэ асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд үндсэн хууль, иргэний хууль, улс төрийн намын тухай хуулийн холбогдох заалтын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхээр энэ сарын 15-нд бичиг баримтаа хуулийн хугацаанд багтаан Дээд шүүхэд хүргүүлсэн ч шүүхийн зүгээс өнөөг хүртэл бидэнтэй харилцаж холбогдоогүй байна. Тиймээс л энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг Ерөнхий шүүгчээс хүсч байгаа юм.
-Ямар хуулиудыг зөрчсөн бэ. Таны өргөдлийг хэрхэн шийдэх бол?
-Монгол улсын Үндсэн Хуулийн 49.2, 49.3, Улс төрийн намын тухай хуулийн 8.7-г шууд зөрчсөн гэж би үзсэн. Соёлтой нийгэмд бол хоёр дахь удаагаа Үндсэн Хууль зөрчиж байгаа иймэрхүү хүнийг сайдаар ажлуулах битгий хэл төрийн алба руу зүглүүлэх ч үгүй байсан байх. Харамсалтай нь, манайд хичнээн ч хилийн цэргийн сайхан залуус үхэж үрэгдэв, өчнөөн хүмүүс шийдвэр гүйцэтгэлийн буруутай ажиллагааг шүүмжилж байгаа. Гэтэл уг хүнтэй хариуцлага тооцох бус харин улам өнгө зүсийг нь сайжруулаад байдаг болж. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ц.Нямдоржийг дахин хууль бус үйлдэл хийхгүй байлгах талаар өөрийн эрх хэмжээний хүрээнд арга хэмжээ авч өгөхийг л хүссэн хэрэг.
-Таны Ерөнхий шүүгчид хандах болсон нь Хууль зүйн сайд Ц.Нямдоржтой ямар холбоотой вэ?
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, засгийн газрын гишүүн Ц.Нямдорж хэвлэл мэдээллийн хэрэгслээр улс төрийн намыг үүсгэн байгуулж буй иргэдийн эсрэг дайрч давшлах, шүүхээс шийдвэр гараагүй байхад урьдчилсан дүгнэлт хийх, шүүхэд шууд нөлөөлөх эрх мэдэлтэй хэмээн баталсан утга бүхий мэдэгдлийг Монгол ардын намын өнөөгийн удирдлагуудын хамт зохион байгуулалттай явуулж байгаад харамсч байна. Бидний хувьд дээд шүүхээс иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх эрхийг хүндэтгэн, гагцхүү хуулийн хүрээнд, бусдын нөлөөлөлд автахгүй нааштай шийдвэр гаргана гэдэгт итгэсээр байгаа.
-Ta Хууль зүй, дотоод хэргийн сайдын ярьсан ярилцлагад дургүйцэх үүднээс Дээд шүүхийн даргад гомдол гаргасан гэж ойлгож болох уу?
-Миний хувьд хувь хүнийх нь хувьд ярьсан ярилцлагад дургүйцээд байгаа юм огт алга. Зөвхөн төрийн хүн тэр дундаа шүүхийн хараат бус байдлын төлөө ажиллах үүрэг хүлээсэн эрх бүхий субъектийн хувьд өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ хэт үнэнийг гуйвуулж, эрх мэдлээрээ сүр үзүүлэн, худал мэдээлэл тарааж, шүүхийн шийдвэрийг урьдчилан дүгнэж, хэрэв өөрт нь таалагдахгүй шийдвэр гарсан тохиолдолд арга хэмжээ авах тухай мэдэгдсэнд дургүйцэж байна. Үнэндээ бол Монголд хууль журам гэж байгаад, шударга шүүх ажилладаг бол МАХН гэсэн нэрээр бүртгэл авах бүрэн боломж бий. Мөн тухайн үед Ц. Нямдорж УИХ-ын дарга байхдаа Үндсэн Хуулийн цэцийн дүгнэлтийг өөрийн гараар хүлээн авч шийдвэрлүүлж байсан. Тэр үеийн хуралдааны протокол миний гар дээр байж л байна. Харамсалтай нь Ц.Нямдорж шиг хийж байсан зүйлээсээ эсрэг зүйлсийг хэлдэг хуульчид нэлээдгүй байгаа нь энэ нийгмийн эмгэнэл юм даа.