Д.Батхуягийн хэргийг АТГ шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

Д.Батхуягийн хэргийг АТГ шалгаж байна

Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягийг албан тушаалаа ашиглан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий малтмалын бүс, ойн сан бүхий газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль зөрчиж, 190 гаруй зөвшөөрөл  олгосон гэсэн  үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж  байгаа гэх мэдээлэл  хэвлэлээр гарсан. Гэвч  АМГ-ын дарга Д.Батхуяг энэхүү мэдээллийг үгүйсгэж байсан юм. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга А.Эрдэнэбатаас тодрууллаа.

-Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягт холбогдох хэрэг хэзээ танайд ирсэн бэ?

-АМГ-ын дарга Д.Батхуягийг 192 лиценз хууль бусаар олгосон гэх үндэслэлээр  Прокурорын байгууллагаас 2011 оны 2 сарын 17-нд Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүнийг харьяаллын дагуу манайд шилжүүлснийг бид өнгөрсөн сарын 21-нд хүлээж аваад байна.

-Д.Батхуяг дарга энэхүү мэдээллийг үгүйсгэж байгаа юм билээ?

-Хэргийг дөнгөж шалгаж эхэлж байна. Бид холбогдох материалыг цуглуулж, хэрэгт холбогдолтой хүмүүсийг тогтооно. Эхлээд  тухайн хэргийн үйлдэл дээр нь хэрэг үүсгэдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүний дараа хэн ямар байдлаар оролцсон бэ гэдгийг тогтооно. Тэгэхээр одоогийн байдлаар АМГ-ын даргыг сэжигтнээр татаж,  байцаалт аваагүй байна.

-Энэ хэрэгт Д.Батхуягаас гадна хэд хэдэн хүн холбогдсон гэх юм ?

-Хэрэг дөнгөж мөрдөн байцаалтад ирсэн учир энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Харин Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягаас өөрөөс нь албан ёсны байр суурийг нь сонсох гэсэн боловч “одоохондоо энэ талаар ярихгүй” гэх хариулт өглөө.

С.Cүрэн

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж