
Учир нь өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын мал сүрэг өсч, тэр хэрээр хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн үйлдвэрлэл нэмэгдсэн ч, бэлтгэн нийлүүлэх, худалдах, худалдан авах үйл ажиллагаа ченжүүдийн сүлжээгээр орж, далд хэлбэрээр зохион байгуулагдах болсон нь нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хүндрэл учруулах болжээ. Нөгөөтэйгүүр, 2008 оноос эхлэн мал аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн зах зээлийн үнэ огцом унасан нь, малчдын орлогод нөлөөлж, үйлдвэрүүд түүхий эдээ гаднын томоохон худалдаачдад алдаж, Монгол Улс зөвхөн түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн бааз болж хувирсан аж. Тиймээс УИХ хуулийг цаг алдалгүй батлан гаргах нь малчдад төдийгүй, үйлдвэрлэгчдэд ашигтай тусна хэмээн төсөл санаачлагчид тайлбарлаж буй.
Хуулийн төсөлд тусгаснаар Монголын хөрөнгийн биржийн одоогийн бүтцэд тулгуурлан, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулахаар заажээ. Тус бирж нь зөвхөн арилжааг хөтлөн явуулах, төлбөр тооцоог барагдуулах үүргийг гүйцэтгэх бол арилжааны зуучлагч иргэн буюу брокер нь өөрийн хөрөнгөөр бараа, түүхий эдийг орон нутгаас худалдан авч, стандартын шаардлагад нийцүүлэн анхан шатны тордолт хийж бирж дээр арилжих үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, малчин, бирж хоёрыг брокер холбоно. Энэ нь малын гаралтай түүхий эд ченжээс ченжийн гар дамжин, үнэ нь тэнгэрт хадахаас сэргийлсэн нэг арга бололтой. Хоёр дахь чухал заалт нь биржид арилжаалсан бүтээгдэхүүнийг экспортод гаргана. Ингэж хуульчилснаар экспортод гарч буй малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний тоо хэмжээ тодорхой болж, хууль бус экспортыг зогсоох, далд эдийн засаг цэцэглэхээс сэргийлнэ гэж үзжээ.
Харин бирж нь төрийн өмчит компани байна гэдэгт гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа бол малчдын хувьд “Төр биржийн үйл ажиллагааг эрхлэхгүй бол малчид бид итгэж, биржид бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлэхгүй. Сурсан дадсанаараа ченжүүдэд өгнө хэмээн зөрүүдэлж сууна. Хэрвээ малчид малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээ ченжүүдэд нийлүүлсээр байвал, төрөөс хөрөнгө зарж бирж байгуулсны хэрэг гарахгүй. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй, малчдын амьжиргаа улам доройтсоор уул уурхайн баялагтаа цохиулан, мал аж ахуйн салбар сүйрэлд орох аюул дагуулна хэмээн анхааруулах хэсэг ч байна. Хуулийн төслөөр одоо ид малчдаас санал авч байгаа тул, гишүүд энэхүү санал зөрөлдөөнтэй заалтыг өөрсдийнхөөрөө шийдэх үү, эс бөгөөс сонгуульд санал “цуглуулахаа” бодож, малчдын хүссэнээр хэвээр нь үлдээх үү гэдгээ хаврын чуулганаар эцэслэнэ.
Төсөлд тусгасан малчдад хамаарах бас нэг заалт нь малчид бүлэг болж, хоршоо байгуулсан нөхцөлд биржийн гишүүнээр бүртгэхээр заажээ. Чухам хэчнээн толгой малтай хоршоог биржийн гишүүнээр бүртгэхийг хараахан тодорхой болгоогүй нь мөн л малчдын саналаас хамаарч, тусгалаа олох бололтой.
Гэхдээ зуд турхан болохоор төрөөс өвс, тэжээл нэхээд хэвтчихдэг малчдын хувьд мал аж ахуйгаа эдийн засгийн эргэлтэд оруулах арга ухаанд суралцахгүй бол бирж та бүхнээс олон зүйл шаардах болж байгааг энэ дашрамд сануулъя.
Хэрэглэгчдэд хамаарах асуулт бол хөдөө аж ахуйн биржийг байгуулснаар махны үнэ буух уу? Хуулийн төсөлд бирж мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг боломжийн үнээр худалдаж авна хэмээн зааснаас биш, эцсийн хэрэглэгчдэд очих бүтээгдэхүүнтэй холбогдох нэг ч заалт оруулаагүй нь, махны үнэ буурна гэж хөөрцөглөх нь эртдэх бололтой. Судалгаа хийхэд тийм бололцоо ч харагдаагүй. Харин эрүүл ахуйн шаардлага хангасан мах худалдан авах бололцоотойн зэрэгцээ махны экспорт төрийн хяналтад орох бололцоотой гэсэн хариултыг албаныхан өглөө.