Ливийн сөрөг хүчний удирдагч Хятадад ирэв

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Ливийн сөрөг хүчний удирдагч Хятадад ирэв

Ливийн сөрөг хүчний удирдагч Махмуд Жибрил Хятадын эрх баригчидтай уулзахаар Бээжинд буусан талаар Хятадын гадаад хэргийн яамнаас мэдээлжээ. Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч Махмуд Жибрилийг 21, 22-нд Бээжинд айлчлах гэж буй тухай даваа гаригт мэдэгдэж байсан юм. НАТО Ливид цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойшхи гурван сарын хугацаанд Ливийн сөрөг хүчнийхэн нийслэл Триполи хотыг эзлэхээр хичээж байгаа юм.  Хятадын “CCTV” Ливийн сөрөг хүчний армийн хурандаа Ахмед Омар Банигаас ярилцлага авсан ажээ.  Бани сөрөг хүчнийхэн Триполи хотоос 20 км зайд орших гурван хотыг эзэлсэн ч Ливийн удирдагч хурандаа  Муаммар Каддафид үнэнч цэргүүдийн хамгаалж буй хойд хэсгийг хяналтандаа авах хэцүү байгаа талаар ярилцлагадаа өгүүлжээ.  Ливийн Брега, Аждабия зэрэг хотуудад одоо ч Ливийн засгийн газрын цэргүүд болон сөрөг хүчний босогчдын хооронд ширүүн тэмцэл өрнөж байгаа юм. НАТО-гийн өнгөрсөн гуравдугаар сард эхлүүлсэн Ливи дэх цэргийн ажиллагаа энэ сарын 24-д дуусгавар болох байсан ч дахин 90 хоногоор сунгасан. Хурандаа Муаммар Каддафийн эсрэг тэмцэж буй Ливийн сөрөг хүчний цэрэг зэвсгийн нөөц дууссанаас тэд Хятадаас дэмжлэг хүсч болзошгүй гэж ажиглагчид үзэж байгаа юм. Харин Хятад Ливийн сөрөг хүчний удирдагчийн энэ айлчлалыг хэтэрхий оройтсон айлчлал гэж үзэж байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж