Ядуурлын нэг шалтгаан нь бага цалин хөлс

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Ядуурлын нэг шалтгаан нь бага цалин хөлс

Төрийн ордонд өнөөдөр Нийгмийн бодлогын тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат, ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин нар үг хэлж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, бусад хүмүүс оролцож байгаа юм.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбатын илтгэл энэ үеэр нэлээд анхаарал татаж байлаа. УИХ 2005 онд 25 дугаар тогтоол баталж Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг батлан гаргасан. Түүгээр хүн төвтэй хөгжлийн зорилтууд тавьж биелүүлэх амлалтыг дэлхийн бусад улс орнуудын өмнө авсан юм. Эдгээр амлалт дээрээ суурилж 2008 онд Монгол Улсын үндэсний хөгжлийн цогц бодлого батлан гаргасан.  Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг ханган биелүүлэхэд дөрвөн жил орчим л үлджээ.

Гэтэл тэдгээр зорилтын нэгдүгээрт тусгасан ядуурлыг бууруулах зорилт хэрэгжих магадлал тааруу байгааг илтгэгч дурдлаа. Уг нь 2015 он гэхэд ядуурлыг 2000 оны үеийнхээс хоёр дахин бууруулсан байх ёстой. Гэвч хамгийн сүүлд хийсэн судалгаагаар Монголд ядуурал 35,2 хувьтай байгаа нь 2000 оны үеийнхээс дөнгөж 1,1 хувиар буурсан үзүүлэлт аж.

Дэлхийн аль ч улс оронд ажил хөдөлмөр эрхлэлтийг ядуурлаас гарах гол арга зам гэж үздэг. Ядуу хүмүүс цорын ганц үндсэн баялаг эзэмшдэг. Тэр нь ажиллах чадвар. Ядуус энэ баялгаа хэрхэн үнэ хүргэж “худалдах”-аас амьдрал ахуйгаа өөд татах боломж хамаарна. Тэгвэл судалгаанаас харахад ядуусын дийлэнх нь бас ч зүгээр суусангүй, ямар нэг эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлдэг ажээ. Гэвч ажиллаад авч байгаа цалин хөлс бага, тэр нь амьжиргаанд нь хүрэлцдэггүй нь ядуурлаас гарч чадахгүй байгаагийн нэг шалтгаан болжээ. Монголын ядуучуудад тулгарч байгаа, ядуурлын төвшин дорвитой буурахгүй байгаа нэг шалтгаан нь ингэж ажил эрхлэлтийн тоо, ажлын байр нэмэгдэж буйгаас хамаарахгүй харин цалин хөлсний хэмжээ болсон байна.

Байдал ийм байгаа тул гадаадаас оруулж ирдэг ажиллах хүчний урсгалыг сааруулах, илүү өндөр цалин хөлстэй ажлын байруудад монголчуудыг ажиллуулахад чиглэсэн бодлого хэрэгтэй болсныг байнгын хорооны дарга санууллаа. Иргэдэд нарийн мэргэжил эзэмшүүлэх сургалт, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, гадаадад ажиллаж сурч байгаа өндөр мэргэжилтэй хүмүүсээ эх оронд нь татан авчрах арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж тэрбээр үзэж байв. Ядуурлыг сааруулахгүй байгаа бас нэг шалтгаан нь хэт хавтгайрсан халамж. Халамжид зарцуулсан мөнгө инфляцийг хөөрөгдөж, бараа, үйлчилгээний үнэ өсгөдгөөс хүн амын орлого багатай хэсэгт нэмэр бус нэрмээс болох шинжтэй болжээ. Тиймд нийтийг хамруулж хавтгайруулсан бус алс бөглүү хязгаар нутгийн малчид, хүн амын халамж үнэхээр шаардлагатай эмзэг хэсэгт чиглэсэн тусгай арга хэмжээ авч, бусад иргэдийн боловсрол, мэргэжлийг дээшлүүлж цалин орлого сайтай салбарт ажиллуулах нь чухал болохыг энэ үеэр ярилаа.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж