Грек төрийн өмчөө хувьчилна

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Грек төрийн өмчөө хувьчилна

Грек улс тодорхой хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлж, олон улсын зээлдүүлэгчдийн шаардлагыг хангахын тулд хэдэн тэрбум ам.долларын үнэд хүрэхүйц төрийн өмчийг борлуулах өмч хувьчлалын ажилд бэлтгэж эхэллээ.

Хувьчлах өмчүүдийн дотор нисэх онгоцны буудал, хурдны замууд, төрийн өмчит компаниуд, банкууд, үл хөдлөх хөрөнгийн лицензүүд зэрэг орж байна. Европын улсуудын сангийн сайд нар өнгөрсөн ням гаригт Грек улсын засгийн газарт амь тариа болгож, хоёр дахь шатны зээл тусламжийг өгөхөөр шийдсэн ч уг зээлийг авахын тулд Афины зүгээс ихийг хийх шаардлагатай тулгараад байгаа юм. Засгийн газрыг дахин бүрдүүлэхийг шаардсан өргөн хэмжээний жагсаал цуглаан Грек даяар өрнөж байгаа энэ цаг үед тус улс Европын улсуудаас тавьсан шаардлагын биелүүлэх үүднээс 2015 он гэхэд 71 тэрбум ам.долларын хөрөнгийг өмч хувьчлалын замаар босгох ёстой ба үүний зэрэгцээ төсвийг хумих арга хэмжээг авч явуулах ёстой болоод байгаа юм.

Европын комиссын Ерөнхийлөгч Жоз Мануэл Бароссогийн хэлснээр “Хэрэв Грект хямралаас гарах өөр арга зам байсан бол мэдээж илүү хялбар дөхөм арга замыг л сонгох байсан. Гэхдээ тийм хялбар зам байхгүй болоод л дахин зээл авахад хүрсэн. Грек дахин сэргэж, ажлын байр бий болгож, тогтворой болох цорын ганц шийдэл бол өрсөлдөх чадварыг бий болгож, улсын төсвийг тогтворжуулах явдал юм” гэжээ. Тиймээс өмч хувьчлалыг явуулах, татварыг нэмэгдүүлэх, тэтгэвэр тэтгэмжийг бууруулах, төрийн өмчийн байгууллагуудын ажилчдыг цомхотгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэх талаар хууль тогтоогчдын дунд энэ зургадугаар сарын сүүлээр Грекийн хувь заяаг шийдэх хэмжээний чухал санал асуулгыг явуулах гэж байгаа тухай ноён Бароссо нэмж хэлсэн байна.

Бүх л бүтэн улсын хэмжээнд даван туулахад хүнд хүчир шинэтгэл нь Грекийн хямралд орсон төсвийн алдагдлыг багасгахад чиглэгдэж байгаа ч, татварыг нэмэгдүүлэх, өнөө хэр нь маш өндөр ажилгүйдлийн хувьтай байгаа улсад төрийн албан хаагчдыг үй олноор нь цомхотгохоор төлөвлөсөн нь нийгэмд айдсыг төрүүлж, эсэргүүцлийг дэвэргэж байна. Грекийн өрийн хямрал зөвхөн улсдаа хүндрэл үүсгээд зогссонгүй сүүлийн үед Европын мөнгөн тэмдэгт еврогийн ханш, хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлөх магадлалтай байгаа нь мэргэжилтнүүдийн санааг түгшээж байна.

Өнгөрсөн зургадугаар сарын есний өдөр Грекийн парламент 2011-ээс 2015 оны хоорондох таван жилийн төлөвлөгөөг боловсруулж засгийн газарт танилцуулж, баталсан юм. Үүнд нийт төрийн албан хаагчдын тоог 150,000-аар бууруулах, үлдсэн албан хаагчдын ажиллах цагт өөрчлөлт оруулж, цалинг багасгах, нийгмийн халамж, ажилгүйдэл, тэтгэвэрт төсөвлөдөг байсан мөнгөний хэмжээг огцом багасгахаар тусгажээ. Ингэснээр 2012-оос 2015 оны хооронд 40,5 тэрбум ам.долларыг босгож, төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиас дотогш барих боломжтой болно гэж тооцоолсон байна. Түүнчлэн төсвийг хумиснаар өнгөрсөн 2010 онд Европын Холбоо болон Олон Улсын Валютын Сангаас авсан зээлийн эргэн төлөлтийг хэвийн хэмжээнд үргэлжлүүлэх боломжтой болох аж.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж