Мубаракийн биеийн байдал доройтжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Мубаракийн биеийн байдал доройтжээ

Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн эрүүл мэндийн байдал ходоодны хорт хавдрын улмаас эрс доройтож байгаа талаар түүний өмгөөлөгч даваа гаригт мэдэгджээ. Мубаракийн болон хоёр хүүгийнх нь хэргийг шүүх хурал болохоос сар гаруйн өмнө түүний биеийн байдал ийнхүү муудаж эхэллээ. Ноён Мубарак энэ оны  нэгдүгээр сард Египетийн нийслэл Каир хотын Тагрир талбайд болсон эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын өөдөөс гал нээх тушаалыг цагдаа нарт өгсөн гэх үндэлслэлээр дотоодын болон олон улсын хүчтэй дарамт шахалтанд орж эхэлсэн юм.

Хэрэв Мубарак буудах тушаал өгсөн нь шүүх хурал дээр батлагдвал түүнд цаазаар авах ял оноох тухай Египетийн хууль зүйн яамны сайд мэдэгдээд байгаа. Өнгөрсөн нэгдүгээр сард болсон явдалд ноён Мубарак туйлын харамсч байгаа хэдий ч жагсагчид руу гал нээх тушаал огт өгөөгүй гэж мэдэгдсээр байгаа юм.

Мубаракийн биеийн байдал өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур гэнэт муудаж, Улаан Тэнгисийн эрэг дээрх Шарм Аль Шейхийн эмнэлэгт хэвтэж, нэлээд хугацаанд эмчлүүлсэн бөгөөд эрүүл мэндийн байдал хүнд байгаагаар шалтаглаж Тора дахь шоронгийн эмнэлэгт шилжүүлэх боломжгүй гэж прокурорууд дүгнэсэн. Харин даваа гаригт Мубаракийн өмгөөлөгч түүнийг  2010 оны зургадугаар сард Герман улсад нойр булчирхай, нарийн гэдэсний хагалгаанд орж байсан тухай нууцыг дэлгэж, хагалгааны дараа хоёр жилийн хугацаанд дөрвөн сар тутамд эмнэлэгт үзүүлж, байнгын хяналтанд байх ёстой атал олон улсын хараанд орж, гэмт хэргийн буруутан болсноор эрүүл мэндийн дэглэмээ бүрэн зөрчиж, биеийн байдал нь муудсаар байна гэж мэдэгдсэн байна.

Тавдугаар сарын сүүлээр Мубаракийг нарийн мэргэжлийн эмч нар үзээд зүрхний хэм алдалттай, цусны даралт бага, тархины цусан хангамж муудаж байгаа зэрэг нь ой санамжаа алдахад хүргэж болзошгүй гэж дүгнэжээ. Түүнчлэн мэдрэлийн хэт ядаргаа, булчин шөрмөсийн сулралаас үүдэж зүрхний импакт болох магадлалтай гэсэн байна. Мубарак болон түүний хоёр хүүгийн шүүх хурал ирэх наймдугаар сарын 3-ны өдөр Каир хотын эрүүгийн шүүхэд болох бөгөөд түүний биеийн байдал сайжрахгүй бол шүүх хурлыг хойшлуулж магадгүй юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж