
Мэдээж ийнхүү ажлын хэсэг байгуулахын тулд “тогоон дотроо” сонгуулийн ямар хувилбарыг эцсийн байдлаар сонгохоо шийджээ.
Уг хуралдааны эхэнд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Уг хуулийн төслийн хүрээнд орлого багатай иргэдийг Хүн амын орлогын албан татвараас чөлөөлөх, алслагдсан бүс нутагт үйлдвэрлэл эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийг Аж ахуйн орлогын албан татвараас чөлөөлөх нь зүйтэй гэх санааг дэвшүүлжээ. Алслагдсан бүс нутагт үйлдвэр хөгжүүлэхэд ийм хөнгөлөлт ихээхэн тустай хэмээн бүлгийн гишүүд үзсэн байна. Мөн энэ асуудалтай холбоотойгоор судалгаа, боловсруулалт хийх ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон аж.
Намын бүлгээс байгуулагдах уг ажлын хэсэг нь хаврын чуулган завсарлахаас өмнө хуульд зарим өөрчлөлтүүдийг хийх, амжаагүй үлдсэнийг нь завсарлагааны хугацаанд боловсруулан УИХ-ын намрын чуулганаар батлуулах төлөвлөгөөг баримтлан ажиллахаар болсон байна. Алслагдсан бүс нутагт үйлчлэх уг дэмжлэгт мөн хамаарахгүй үйлдвэрлэлийг тодорхойлсон нь архи, тамхи үйлдвэрлэгчид болон ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг хамааруулахгүй байхаар болсон байна.
Энэ өдрийн бүлгийн хуралдааны хамгийн анхаарал татаж байсан асуудал нь сонгуулийн тогтолцоог ямар харьцаатай байх талаар бүлгийн албан ёсны байр суурийг илэрхийлсэн явдал байлаа. Бүлгийн гишүүд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн тогтолцооноос бусад асуудлыг хэлэлцээд үндсэнд нь дууссантай холбоотойгоор ямар тогтолцоо байх ёстой талаар үгээ хэлэх цаг нь ирсэн гэж үзжээ. Бүлгийн дарга Д.Лүндээжанцан “МАН-ын Удирдах зөвлөлөөс мажоритар давамгайлсан холимог тогтолцоогоор сонгуулийг явуулах нь зүйтэй гэсэн чиглэл гарсны дагуу бүлгийн гишүүд дэмжсэн” гэдгийг уламжлав.
Мажоритар давамгайлсан тогтолцоог ярих үеэр 52:24, 50:26 гэх хоёр янзын хувилбар гарч ирснээс 50:26-ийг сонгохыг гишүүдийн олонх дэмжсэн аж.
Түүнчлэн батлан гаргах хуулиа Үндсэн хуультай нийцүүлэх шаардлагаар нэр дэвшигчийн нэрийг дугуйлах ёстой гэдгийг бүлгээс санал болгосон байна.