
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өчигдрийн хуралдаанаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, сонгуулийн тогтолцоог ямар харьцаатай явуулахаар тогтсон зэрэг шийдвэр гаргаснаас гадна зарим газарт албан даалгавар хүргүүлэхээр болжээ.
Албан даалгавар хүргүүлэх болсон шалтгаан нь сонгуулийн хуультай холбогдсон бөгөөд цахим үнэмлэх олголтын байдал, санал хураах автомат машины сонголт зэргээс шалтгаалж УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн нилээдгүй зүйл заалт тодорхой болох юм.
Сонгуулийн нэрийн жагсаалт гаргах байгууллага нь энэ удаа Улсын бүртгэлийн ерөнхий газар болох санал дэмжигдсэнтэй холбоотойгоор энэ онд 11 тэрбум төгрөгийн төсөв улсын төсөвт суулгасан юм. Гэвч иргэний цахим үнэмлэхийг олгох ажлыг өнөөдрийг хүртэл олигтой урагшлуулахгүй байгаа нь Засгийн газраас, ажил хариуцсан хэдэн дарга нараас шалтгаалж байгаа гэж үзээд ийнхүү УИХ-ын гишүүдийг бухимдахад хүргэсэн аж. Ардчилсан намын бүлэг энэ ажилтай холбоотой тендер зарлах, бичиг баримт боловсруулах ажил урагш алхаагүй байгаа гэж дүгнэлт хийжээ. Иймд бүлгээс ирэх наймдугаар сард багтаан цахим үнэмлэх олголтыг эхлүүлэхийг Улсын бүртгэлийн газарт даалгах шийдвэр гаргасан аж.
Түүнчлэн санал хураалтыг автомат машинаар тоолохоор болж, 24 тэрбум төгрөгийг УИХ-аас баталж өгсөн боловч автомат машин худалдан авах ажил хийгдээгүй тул Сонгуулийн ерөнхий хороонд мөн л албан даалгавар явуулахад хүрчээ. Ийнхүү ажлыг түргэвчлэхийг шаардаж байгаа нь ямар автомат машин авах вэ гэдгээс шалтгаалж, автоматаар санал авах хууль боловсруулагдаж батлагдахад байгаа юм. Учир нь гадаад орнуудад ашиглагддаг машин бүр бүр ялгаатай горимоор ажилладаг тул Сонгуулийн ерөнхий хорооны сонголтыг тодорхой болгохыг хүсч байгаа аж.
ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙГ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН САНГААС ТӨЛҮҮЛНЭ
Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар мөн Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Энэхүү төслийг УИХ-ын гишүүн Г.Батхүү нарын гишүүд өргөн мэдүүлсэн бөгөөд уг асуудлыг бүлгээс хэлэлцэхийг дэмжив. Уг төслөөр малчны зээл, тэтгэврийн зээл, Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тоног төхөөрөмжтэй холбоотойгоор авсан зээлийг Хүний хөгжлийн сангаас олгох хувь хишгээр төлөх бололцоотой болно. Энэхүү сая таван зуун мянган төгрөгийн хувь хишгээр мөн ЖДҮ-ийн чанаргүй зээлийг төлүүлэх боломжтой байхаар тусгажээ.
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” КОМПАНИЙН 49 ХУВИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДААЛНА
2010-2012 онд төрийн өмчийн хувьчлах үндсэн чиглэлд нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн нь бүлгийн хуралдаанд оржээ.
Тавантолгойн орд газраас ОХУ, БНХАУ-руу түүхий эд, бүтээгдэхүүн гаргах зориулалтаар төмөр зам тавихаар болсонтой холбогдуулан уг ажлыг гүйцэтгэх Монголын төмөр зам компанийг байгуулахаар болсон. Энэ ажлыг гүйцэтгэх хөрөнгийг босгохын тулд энэ компанийн хувьцааны 49 хувийг хөрөнгийн биржээр арилжаалах санал Засгийн газраас орж ирсэн аж. Гэвч бүлгийн гишүүд энэ саналыг шууд хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хувьцааг худалдахдаа гадаадын болон дотоодын хөрөнгийн бирж дээр нэгэн зэрэг арилжаалах нь зүйтэй хэмээх нэмэлт санал гаргасан байна. Ингэх нь уг хувьцааг илүү үнэ цэнэтэй болгох арга гэж бүлгээс үзсэн байна.
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ ААН-Д ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШҮҮЛЭХГҮЙ
Галт зэвсгийг замбараагүй эзэмшдэг, хадгалдаг нөхцлийг нэг мөр цэгцлэх зорилгыг Галт зэвсгийн тухай хуулийн төслийг бүлгийн гишүүд дэмжлээ. Энэ төсөл батлагдсан тохиолдолд хамгийн эхэнд дайзандаа олон сум агуулсан бууг ашиглах, хадгалах боломжийг хаах аж. Мөн гадаадын иргэд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид галт зэвсэг эзэмших, ашиглахыг хориглохоор тусгасан аж. Түүнчлэн Аж ахуйн нэгжүүдийн хувьд зөвхөн хамгаалалтын албаны үйл ажиллагаа эрхэлдэг, үндэсний аж ахуй нэгжид галт зэвсэг эзэмших, ашиглахыг эрхийг нь үлдээхээр төлөвлөжээ.
ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРУУЛАХЫГ ШААРДАВ
Тамхины хяналтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эрх өгсөн боловч анхны хэлэлцүүлэг одоог хүртэл хийгдэж эхлээгүй аж.
Иймд бүлгийн гишүүд энэ хуулийг хэлэлцүүлэгт оруулах талаар Нийгмийн бодлогын байнгын хороо болон УИХ-ын даргад санал хүргүүлсэн байна. Уг саналын хүрээнд хэлэлцүүлэгт оролгүй гацаад буй учир шалтгааныг тайлбарлах, энэ чуулганы хугацаанд оруулж хэлэлцүүлэх зэрэг асуудлыг хөндсөн аж.
ПРОПОРЦИОНАЛЬ ДАВАМГАЙЛСАН 50:26 ТОГТОЛЦООГ ДЭМЖИНЭ
Ардчилсан намын хувьд Сонгуулийн хуулийг холимог байлгах тухай шийдвэрийг хэдийн гаргасан ч харьцааны хувьд ямар байхыг шийдвэрлээгүй өнөөдрийг хүрсэн асуудал байсан. Харин энэ өдрийн хуралдаанаар Ардчилсан нам пропорциональ тогтолцоо давамгайлсан байдлаар 50:26 гэх шийдлийг барихаа мэдэгдлээ. Мөн жагсаалтын хувьд 50+26 гээд 76 гэх нэгдсэн жагсаалт байхыг бүлгийн зүгээс санал болгосон байна. Ингэснээр хоёр тогтолцоонд буй нэр дэвшигчид шилжиж болох бөгөөд мажоритараар өрсөлдөж буй хүн пропорциональ дээр байгаа 50 хүний жагсаалтад багтах боломж бүрдэх аж.
ХУУЛЬ БАТЛАХ БҮРТЭЭ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА БАЙГУУЛАХГҮЙ
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлгийн үеэр Ардчилсан намын бүлэг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх асуудалд завсарлага авсан билээ. Гэсэн хэдий ч хуулийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих байгууллага нь бие даасан байдлаар байгуулагдаж болохоор томьёолол орж ирсэн байна. Иймд Ардчилсан намынхан уг хууль батлагдсанаар шинээр дахин төр захиргааны байгууллага байгуулахгүй байх зарчмыг баримтлах шийдвэртээ хатуу зогсохоор шийджээ. Тэд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг цомхон болгох зорилт тавьсан ийм үед хууль гарах болгонд шинээр байгууллага байгуулаад байж болохгүй гэж үзжээ.