Ашгүй газардлаа, Монголдоо

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Ашгүй газардлаа, Монголдоо

Монгол Улсын ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн айлчлал хоёр орны харилцааг шинэ төвшинд гаргасан түүхэн айлчлал болсон талаар бид өмнөх дугаартаа өгүүлсэн. Хоёр хөршийн найрсаг харилцааг стратегийн төвшинд ахиулснаас гадна уул уурхай, дэд бүтэц, боловсрол, хүмүүнлэгийн салбарт олон чухал асуудлуудыг шийдэж чадсан. Дээр өгүүлснээр нэгэнт албан ёсны мэдээллийг хүргэсэн учраас энэ удаад аян замын цагаахан тэмдэглэлээ хүргэх гэв.

Энэ удаагийн айлчлал сонихон бөгөөд гайхалтайгаар эхлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч яг энэ өдөр АНУ-г зорих ёстой, харин ерөнхий сайд Хонконг руу явах юм байна гэсэн ойлголттой байв. Гэтэл ерөнхий сайд аль хэдийнэ Индонези явсан, харин Ерөнхийлөгч Улаанбаатар-Сөүлийн  нислэгээр нисэх байв. Замын хүмүүс хэдхэн минутыг нэг их анхаарах биш . Төд удалгүй зааланд хүмүүс орж ирээд Сөүлийн онгоц шаардлага хангахгүй учир буцаалааа гэв. Нэг их анхаарахгүй сууж байтал баахан зорчигч буцаад орж ирэв. Ерөнхийлөгчийн онгоц гэмтэлтэй тул өөр онгоц гаргаж байгаа гэнэ ээ. Тэр өөр онгоц нь манай онгоц… Нэгэн бодлын ерөнхийлөгчийн суух ёстой онгоцыг аюулгүй нисээсэй гэж бодовч яагаад биднийг тэр онгоцоор явуулав аа гэж бодохоор аймаар, гомдмоор. Бодвол биднийг юу юугүй сүйрчихмээр аймаар онгоцонд суулгаагүй л байх даа. Нөгөө “жоохон өвдөнө” гэдэг шиг арай л амийг минь авчихааргүй л “юм”-анд суулгасан юм шиг байгаа юм. Хойноос хүмүүс “Та нар эсэн мэнд буусан уу, ашгүй дээ” гэж санаа зовж байсныг сүүлд мэд­сэн. Хэдийгээр би ерөнхийлөгч биш ч гэ­сэн ээж аавдаа хайртай хүүхэд нь ха­нь ижилдээ харьцуулшгүй түшиг нь боло­хоор гарцтай амь ч гэж юу байх вэ дээ.

Сүүлд нь сонсоход Ерөнхийлөгчийн онгоцыг буцаагаад манайхаар сольсон нь техникийн жижигхээн асуудал байсан гэсэн. Хэчнээн техникийн жижиг ч гэсэн асуудал хүний сэтгэлийг хэрдхийлгэмээр л…. Аз болоход бид амжилттай газардаад бас амжилттай зугаалаад ирэв. Сайн мэдээ болгон мууг дардаг ёсоор сайхан сайн мэдээг сонсч бас амсч  мэдэрч ирэв. Монголчууд ихэнх маань Хонконгийг мэддэг ч гэсэн тэд харин биднийг ёстой мэддэггүй гэнэ ээ. Тиймэрхүү анзаа ч хаана мэдрэгдэнэ. Харин Хонконгод дөнгөж төлөөлөгчийн газраа нээсэн ерөнхий консул Я.Ариунболд хэвлэл  мэдээлэл үнэхээр хүчтэй юм байна гэж олзуурхаж байна дээ. Төлөөлөгчийн газраа нээсэн мэдээлэл гарангуут маргааш нь эхний үйлчлүүлэгч нь ирсэн гэсэн.
 Хаа газар очихдоо Чингисийн Монгол гэнгүүт мэдэх байх гэсэн үгүй, дээрээс нь ядаргаатай халуун агаар хувцас чийгтүүлнэ.Гэхдээ дэлхийн эдийн засагт том нөлөөтэй Хятад манайх руу илт “налах” хандлагатай. Энд мэдээж хэрэг дэлхийд гайхуулах манай газрын баялгийн татах хүч байлгүй л яахав.

 Ерөнхий сайдын айлчлал БНХАУ-ын Засаг захиргааны тусгай бүс Хонгонкоос эхэлсэн нь бас учиртай. Өнгөрсөн жил тус бүсийн Амбан захирагчтай тохиролцсоны дагуу Ерөнхий консулын газар нээж ,“МИАТ” шууд нислэгтэй болсон болохоор. Цаашаагаа цаг хүрэхгүй усан онгоцоор яваад л зугаа цэнгэлийн улс Макао орно. Хамгийн хачирхалтай нь Мако руу “хар”, “шар” хэн ч  “ногоон” гэрлээр ордог мөртлөө монгол гэнгүүт аюултай гэсэн гэрэл асна. Хүний наймаанаас сэргийлж байгаа юм гэнэ дээ. “Хар шар” хэн ч гэсэн Макао руу шууд орж байхад монгол эмэгтэй хүн орохдоо таван мянган хонконг доллар харуулах ёстой. Хонконг доллар битгий хэл америк доллар ч харуулахад ч хөдлөхгүй маягтай шүү, яагаад гэвэл Монголоос ирсэн учраас. Яагаад Монгол хүн ингэж дорд үзэгдэх ёстой юм бэ гэж гол гороймоор . Ийм бараан бодлыг дараа дараагийн уулзалтууд бас цайруулав. Хэрвээ тэгээгүй  бол бүр ч хэцүү байх биз. Азтай бөгөөд бахархмаар нь эх газрын хятадууд бүү хэл дэлхий Монголыг сонирхож байна. Дэлхийн сонирхлыг өдөөхийн тулд бид бас илүү ажиллах ёстой гэдгийг хэлүүлэх юуг.

Дахиад л эх нутагтаа буухын зуурт баахан “донсолгоо” амсав. Нислэгийн үед агаарын донсолгоотой бүсэд орж ирэв ч гэдэг юм уу нэг тайлбар хэлдэг л юм билээ, тэр нь болсон юм болов уу, ямар ч гэсэн аймаар байсан. Ямар ч гэсэн “МИАТ”-аар нисэхэд аймаар байсан. Дээр хэлснээр Ерөнхийлөгчид гайгүй онгоцоо өгчихөөд маниусынхыг сольсон гээд бодохоор ч. Яаж ч байсан төрсөн гэр, төрөлх эх нутаг минь гэсэндээ Буянт-Ухаад буухад гоё байдаг. Ерөнхийлөгч, ерөнхий сайдын айлчлалыг дагалдан яваагийн хувьд Буянт-Ухаа шинээр бол Чингис хаан нисэх онгоцны буудалд буухад айлчлал амжилттай болов, эх орондоо ирэв гэж алга ташин баяр хүргэдэг, тэр бүү хэл онгоцны ахмад оргилуун дарс илгээдэг. Гэхдээ л энэ удаа Чингис хаан буудалд онгоц газардахад хаа нэгтээ сонсогдсон алга ташилт амьд мэнд эх нутагтаа газардсаны илэрхийлэл байсан болов уу гэж бодогдов, яагаад гэвэл онгоц савчаад аймаар байсан болохоор. Баярлалаа, би эх орондоо эсэн мэнд буув, бас айлчлал амжилттай болов.

А.Алтантуяа  /тоймч/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж