
Саяхан нэгэн иргэн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 10 хувийг үндэсний компаниудад нэрлэсэн үнээр нь зарах Засгийн газрын шийдвэрт задаргаа хийснээ iReport.mn сайтад тавьсан байна. Засгийн газраас одоогоор үндэсний компаниуддаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг нэрлэсэн үнээр нь зарна хэмээн төлөвлөж байгаа нь үнэн ч яг олгоно гэсэн шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа. Дээрх шийдвэрийг гаргахаасаа өмнө олон нийтэд үүсгээд байгаа асуудлаар Засгийн газар тоо бодож, толгойдоо эргэцүүлээд үзэхэд гэмгүй болов уу. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 10 хувийг үндэсний компаниудад нэрлэсэн үнээр нь зарах нь Үндсэн хуулийн олон заалтыг зөрчиж байгааг хуульчид “оношилсон”. Үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь олгох шийдвэр нь өөрөө Үндсэн хуулиа зөрчиж байгаа анхны хэлбэр гэнэ. Үүний дараа үндсэний аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 10 хувийг нэрлэсэн үнээр зарахад иргэд хамаагүй гэсэн нь “эцэг” хуульд харшилж байна. “Эцэг” хуульд томоос том нэгэн заалт бий. Энэ нь “Монгол Улс иргэдээ ялгаварлан гадуурхаж үл болох тухай”. Засгийн газар энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн иргэн бүртээ 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй олгохоор болсон. Тэгвэл үүнээс гадна хэсэг бүлэг хүмүүст “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас илүү боломж өгөхөөр төлөвлөж байгаа нь өнөөдрийн маргааны сэдэв болжээ. Нэг аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр нь худалдаалах хувьцааны нийт ширхэг нь 30 мянга. Тэгэхээр компанийн эзэн иргэн бүрт олгох үнэгүй 536 дээр нэмээд нэрлэсэн үнээр нь авах 30 мянгатайгаа нийлээд “Эрдэнэс Тавантолгой” компаниас 30536 ширхэг хувьцааг эзэмшихээр болоод буй. Монгол Улс өнөөдрийн байдлаар 50 мянган аж ахуйн нэгжтэй хэмээн өнгөрсөн сард өрнөсөн аж ахуйн нэгжийн тооллогоор гарсан. Гэхдээ тооллогод хамрагдсан 50 мянган аж ахуйн нэгж бүгд Тавантолгойгоос ашиг хүртэхгүй гэдгийг Засгийн газар тодоос тод зураад өгчихсөн байгаа. Үнэндээ өнгөрсөн 2010 оны зургадугаар сарын 1-нээс өмнө Монгол Улсад бүртгэлтэй гэх аж ахуйн нэгж үүнд хамрагдах юм билээ. Үүнээс харахад үндэсний компани гэх нэрийн дор УИХ-ын гишүүд, гишүүдийн хүүхдүүд, Засгийн газрын сайд дарга нар, хамаатан садан ах дүүс Тавантолгойгоос унах ашгаас шанагадан, энгийн иргэд ердөө халбагадах төдий өнгөрөх нь. УИХ-ын гишүүдээс халаасандаа компанигүй хүн ер нь цөөхөн шүү дээ. Өөрөө биш юм аа гэхэд эхнэр нь, хүүхэд нь, ээж аав нь нэг болоод нэжгээд компанитай. Нэг даргын халаасанд нэжгээд компани байдаг хэмээн тооцвол “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас энгийн бусчуудын хүртэх ашиг тэн тэнгээр нэмэгдэх бололтой.
Нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 1000-аар тогтооно хэмээн нэгэнтээ ам алдсан Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын хэлсэнээр тооцож үзвэл энгийн иргэнд 536 мянган төгрөг Засгийн газар өгч байгаа гэсэн үг. Харин энгийн бус эрх мэдэлтэй иргэний хүртэх хэмжээг толгой болон охин компанийг нь оролцуулаад тооцвол30000+30000+536 гээд нийтдээ 60 сая 563 мянган төгрөг өвөртлөхөөр байгаа юм. Энэ нь тэгээд эрхбаригчдын байгалийн баялгаа иргэн бүрт ижил тэгж хүртээж байгаагийн илрэл мөн гэж үү. За тэгээд, зах зээлийнх нь ханшаар тооцох юм бол тэнгэр газар шиг зөрүүтэй хувийг энгийн иргэд болоод эрх мэдэлтэй нөхдүүд хүртэхээр байгаа биз. Хэн ч хаанаас нь харсан байгалийн баялгаа баян, ядуу, сэтэртэй, сэтэргүй, тамгатай, тамгагүйгээр нь ялгаж өгч буй тод жишээ энэ биш үү. Толгойгоо зовоож, иргэдээ талцуулж байснаас “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 10 хувийг иргэддээ үнэ төлбөргүй, 10 хувийг нь нэрлэсэн үнээр нь зарбал жинхэнэ ижил тэгш хуваарилалт болно. Үндсэн хуульд заасан үндэс угсаа, яс хүйсээр нь ялгаварлахгүй гэсэн өнөөх заалтыг хаана хаячихаад өөрсдөдөө шанага шанагаар нь уух боломжийг олгон харин иргэдэд аяганы амсар зуулгах төдийхнөөр асуудлыг яагаад шийдвэрлэх гээд байна вэ. Аж ахуйн нэгжтэй иргэнд ая тал засах хэрэг Засгийн газарт заавал байгаа юм болов уу. Шулуухан хэлэхэд шударга хуваарилалт энэ тэр гэхээ болиод зүгээр л “Компанитай нь шанагадаж, компанигүй нь халбагадна” гээд шийдвэрлэчихвэл яасан юм бэ.
Зохиогчийн эрх "Ардын эрх"