Шанхай эрчим хүчний хязгаарлалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Шанхай эрчим хүчний хязгаарлалт хийнэ

Хятад улсад өнгөрсөн гуравдугаар сараас хойш нүүрсний нийлүүлэлт багасч, ган гачиг нүүрлэсний улмаас эрчим хүчний хомсдол нүүрлээд байна. Тиймээс Хятадын удирдлагууд цахилгааны хомсдолтой үеийг даван туулахын тулд эрчим хүчний хязгаарлалт хийх зайлшгүй шаардлагатай гэж үзжээ. Шанхай хотод агаарын температур +37 хэмд хүрч байгаа энэ үед цахилгааны хязгаарлалт хийх нь хамгийн зөв гэж үзээд энэ хүрээнд тус хотын томоохон албан газрууд, худалдааны төвүүдийг зуны аагим халуун өдрүүдэд ажиллахгүй байхыг Хятадын удирдлагууд уриалаад байна. Одоогийн байдлаар 24,000 орчим үйлдвэр, бизнесийн төвүүд болон сайн дурын 3,000 гаруй худалдааны төв, албан газруудын үйл ажиллагааг түр зогсоохоор төлөвлөөд байгаа ажээ.

Хятадын эрчим хүчний 80 орчим хувийг нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд хангадаг бөгөөд 2011 он гарсаар нүүрсний үнэ огцом өсч эхэлсэн нь эрчим хүч үйлдвэрлэлийг ашиггүй болгожээ. Түүнчлэн усан цахилгаан станцын усан сангийн нөөц гангийн улмаас огцом багассан нь эрчим хүчний үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөхөд хүргэсэн байна. Гэхдээ сүүлийн өдрүүдэд үер дагуулсан үргэлжилсэн борооны улмаас усан цахилгаан станцын нөөц нэмэгдэх хандлагатай байгаа нь эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж бүрдүүлж байгаа ч, хомсдолтой нөхцөл байдлыг бүрэн шийдэж чадахгүй гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Энэ байдлаар аагим халуун үргэлжилсээр байвал багаар тооцоход Хятадын 10 мужид эрчим хүчний хомсдол нүүрлэх төлөвтэй байгаа ажээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж