“Эрх чөлөө бол хамгийн хүчтэй зэвсэг”

Хуучирсан мэдээ: 2011.06.18-нд нийтлэгдсэн

“Эрх чөлөө бол хамгийн хүчтэй зэвсэг”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Цахиагийн Элбэгдоржийн АНУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын үеэр олон нийтийг хамарсан олон чухал арга хэмжээ болсны нэг нь АНУ-ын Конгресс дахь Америк-Монголын найрамдлын бүлэг болон “House Democracy Partnership” хөтөлбөрөөс зохион байгуулсан уулзалт, ярилцлага байлаа. АНУ-ын Конгрсесс дахь Америк-Монголын бүлгийн дарга Жозеф Питтс 2004 онд энэхүү Америк-Монголын найрамдлын бүлгийг байгуулсан бөгөөд хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд улстөрийн томоохон шийдвэрүүд гарахад нөлөөлдөг, бизнесийн хэлхээ холбоог өргөжүүлж, хөрөнгө оруулалтыг дэмжих талаар ажилладаг, боловсрол соёлын харилцааг өргөжүүлэх чиглэлд тодорхой ажил хийдэг  нөлөө бүхий, идэвхтэй бүлэг юм.

Тухайлбал 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын хооронд стратеги, улстөр, дийн засгийн харилцааг бэхжүүлэх идэвх санаачилгыг дэмжихийг уриалсан Конгрессийн 828-р тогтоолыг санаачлан батлуулж байв.

АНУ-ын Конгрессийн Америк-Монголын бүлэг 27 гишүүнтэй ажиллаж байна.

Ноён Жозеф Питтс уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Ерөнхийлөгч Таны хүний эрх эрх чөлөөг дээдлэх, ардчиллыг бэхжүүлэх, хууль сахиулах тууштай үйл хэргийг чинь Конгресс ямагт дэмжиж байдаг. Бид Та бүхний хувьд “гуравдагч хөрш” гэж тооцогддогтоо баяртай байдаг. Та бүхэн олон найзтай ч, бид хамгийн сайн найз тань байхыг хүсч байна.

Ноён Ц.Элбэгдорж Та Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод хүний эрхийг хамгаалах, иргэний оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлд олон улсын анхаарлыг татахгүй байхын аргагүй  шийдвэрүүд гаргаж байгаад баяр хүргэе” гээд Иргэний танхим байгуулсныг дурдаж, Бирмийн ардчилагч Ан Сан Сү-г суллагдахад явуулж байсан талархлын захидлаас нь уншиж сонирхууллаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос уулзалтад оролцогчид монголын ардчиллын хүрсэн амжилт, гадаад бодлого, хууль шүүхийн тогтолцооны шинэчлэл мөн хувь хүний намтартай холбоотой олон сонирхолтой асуулт асууж байв.

Ялангуяа бусад улс оронд үлгэр жишээ болохуйц ардчиллыг эхлүүлсэн, бэхжүүлсэн арга замын талаар оролцогчид асуусан.

“ Монгол Улсад ардчилсан , нээлттэй нийгмийг цогцлооход ямагт дэмжиж тусалж ирсэн Та бүхэнд баярлалаа. Олон хүн биднээс нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжсэн тэр шилжилтийг яаж хийсэн тухай асуудаг. 20 жилийн тэртээ монгол хүний эрх чөлөөтэй байх, чөлөөтэй үг хэлж хэвлэн нийтлэх, өмчтэй байх хүсэл эрмэлзлийг илэрхийлж жагсаал зохион байгуулсан хэсэг залуустай тэр үеийн удирдлага зөвшилцлийн ширээнд сууж, зөвшилцөлд хүрч чадсан нь гайхамшигтай байлаа. Бид хүч хэрэглэлгүй, нэг ч цонх хагалалгүй зөвхөн тайван замаар жагсаж, хэлэлцэн зөвшилцсөний үндсэн дээр ардчилсан сонгууль явуулж, анхны ардчилсан Үндсэн хуулиа батлах үйл явц өрнөж байв.

Мөн бид эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийг улстөрийн шинэчлэлтэй нэг зэрэг хийж чадсан нь онцлог юм” гээд ардчиллыг бэхжүүлэх чиглэлд хэрэгжүүлж байгаа бодлого чиглэлээсээ товч хэлэв.

АНУ-ын Конгрессийн байранд болсон энэхүү уулзалтад Конгрессийн гишүүдээс гадна, судлаачид, улстөрчид, сэтгүүлч сурвалжлагчид гээд 100 орчим хүн ирлээ.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж