Миса Куранага, Д.Алтанхуягтай “Хунт нуур”

Хуучирсан мэдээ: 2011.06.18-нд нийтлэгдсэн

Миса Куранага, Д.Алтанхуягтай “Хунт нуур”

“Хунт нуур”-ын тоглолттой үед үзэгчдийн  танхим үргэлж дүүрэн байдаг. Ирэх ням гаригийн тоглолтын тасалбар ч бас хэдийн дууссан ажээ. П.И. Чайковскийн энэ суут бүтээлд үзэгчид тэгтлээ дурладаг нь уран бүтээлчдын жинхэнэ чадварыг шалгадаг болохоор ч тэр байж мэдэх юм. Орчин үеийн Монголын дуурийн залуу од Б.Саруул, м.Од, Х.Мөнгөнхөлөг, О.Ганцоож нарын гоцлосон тоглолтыг үзэх гэж дуурийн театрыг зорьдог үзэгчид харин ирэх ням гаригт таван тивээс ирсэн шилдэг бүжигчдийн гайхалтай тоглолтыг үзэх боломжтой болж байна. АНУ-ын “Бостон балет” компанийн шилдэг бүжигчид “Балетын үдэш”-ыг монголчуудад бэлэглэхээр иржээ. Монгол улсын гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуягийн урилгаар удирдаач  Марк Черчилийн хамт ирсэн Япон, Аргентин, Өмнөд Африк, Куба, АНУ, Английн шилдэг бүжигчид өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж мэдээлсэн хийсэн юм. Дуурийн театрт болсон уулзалтын үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин УДБЭТ-ын Уран сайхны зөвлөл Б.Жамъяндагва тэнгэрлэг урлагийн гайхамшгийг үзүүлэхээр ирсэн тэдгээр шилдэг бүжигчдийг талархан хүлээн авч, өөрийнх нь хувьд төдийгүй дуурийн театр, тэнгэрлэг сонгодог урлаг сонирхогчдын хамгийн баяртай өдөр болж байна гэж ярьж байсан юм.

“Бостон балет”-ын уран бүтээлчдийн сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг бид хүргэж байна. “Бостон балет”-ын уран бүтээлчид бүгд Монголд анх удаагаа ирж байгаа бөгөөд хамгийн холоос ирсэн нь Өмнөд Африкийн бүгд найрамдах улсаас ирсэн бүжигчин Андилье Ндлову байсан юм.

-Монгол орны талаар ямар сэтгэгдэлтэй байсан бэ?

-Андилье Ндлову:  “Би Монгол орныг маш хүйтэн орон гэж төсөөлж байсан. Зун болдог талаар ч ямар төсөөлөл байгаагүй. Харин онгоцноос буусан хойн маш халуун дулаан, тааламжтай уур амьсгал, найрсаг хүмүүс хүлээж авсан” гэж ярьсан юм. Харин хамтран бүжиглэгч Д. Алтанхуягийн талаар “Бид хэд хэдэн удаа хамтран тоглож байсан. Тэр надаас Өмнөд Африкийн тухай асуухад нь би харин Монголын талаар сонирхдог байсан “ гэв.

-Гала тоглолтыг Монголчууд тэсэн ядан хүлээж байгаа. Гайхалтай тоглолт болох бололтой?

Аргентины балетчин, “Бостон балет”-ын гоцлол бүжигчин Эрика Корнехо:

– Тиймээ, бид их найдаж байгаа. Хоёр үдэш үргэлжлэх гала тоглолтоор бид эрч хүч, шинэ өнгө аясыг мэдрүүлэх болно.

-Та “Хунт нуур”-ын ямар дүрд тоглох вэ?

– Би нөхөртэйгээ хамт ирсэн. Тэр бас бүжигчин. Бид хоёр “Хунт нуур”-т биш, Гала тоглолтод оролцоно. Харин “Хунт нуур”-т Японы балетчин Миса Куранага тоглоно. Гала тоглолт дөрвөн үндсэн хэсгээс бүрдэнэ.

Амжилт хүсье. Баярлалаа.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж