БНСУ-д ажиллах иргэдийг ирэх сарын 25-наас бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

БНСУ-д ажиллах иргэдийг ирэх сарын 25-наас бүртгэнэ

БНСУ энэ жил Монгол Улсаас 5000 ажиллах хүч  авах саналаа ирүүлээд байна. Харин  хэлний шалгалт авах, бүртгэх хугацааны талаар мэдээлэл хомс байна. Зарим хэвлэлээр энэ сарын 15-наас бүртгэж эхэлнэ гэх мэдээлэл цацагдсан. Өнгөрсөн жил Монгол Улсаас 3100 ажиллах хүч авах санал ирэхэд 14500 хүн бүртгүүлж, тэнцсэн тэнцээгүй гэх маргаан үүсч байсан билээ. Энэ жил дээрх асуудлыг хэрхэн зохицуулах,  хэлний шалгалт, бүртгэлийг ямар журмаар авах талаар Хөдөлмөрийн төв биржийн дарга А.Зангадаас тодрууллаа.

-БНСУ-д ажиллах хүч авах бүртгэл хэзээ эхлэх талаар албан ёсны мэдээлэл өгөөч. Энэ сарын 15-наас эхэлсэн гэх мэдээлэл байна л даа?

-Энэ сарын 15-наас эхэлсэн гэх ташаа мэдээлэл гарсан. БНСУ-аас манай талд энэ жил 5000 ажиллах хүч авахаа мэдэгдсэн. Мөн хэлний шалгалт бүртгэл явуулах хугацааны талаарх саналаа албан ёсоор ирүүлээд байна. Тодруулбал ирэх сарын 8  гэхэд эцсийн байдлаар бүртгэх, шалгалт авах хугацаа тодорхой болж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ. Одоогийн байдлаар ирэх сарын 25, 26, 27-ны өдрүүдэд бүртгээд, ирэх есдүгээр сарын 3, 4-нд солонгос хэлний төвшин тогтоох шалгалт авахаар төлөвлөж байна.

-Бүртгэл, хэлний шалгалтыг ямар журмаар зохион байгуулах вэ. Өмнөх жилүүд шиг урт дараалал үүсэх үү?

-Урт дараалал үүсгэхгүй байх тал дээр анхаарч байна. Бүртгэл, шалгалтыг харьяа дүүрэг, аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээр дамжуулан зохион байгуулах болов уу.

-Өнгөрсөн жилүүдэд Солонгосын талаас ирсэн квотоос хэд дахин олон хүн бүртгэсний улмаас олон хүн гомдол мэдүүлж байсан. Энэ байдал энэ жил давтагдах уу?

-Шалгалт өгөх хүсэлтэй бүх хүн бүртгүүлж болно. Гэхдээ энэ нь эргээд тэнцсэн тэнцээгүй гэх маргаан үүсэхэд хүргэдэг. Одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй байна. Өнгөрсөн жил 80-аас дээш оноо авсан хүмүүсийг онооны дарааллын дагуу жагсаана гэж зар тараасан. Энэ нь иргэдэд 80-аас дээш оноо авбал тэнцэх юм байна гэх ойлголт төрүүлж, шалгалтын дүн гарсны дараа асуудал үүсэхэд хүргэсэн. Ийм асуудал энэ жил үүсэхгүй. Онооны дарааллаар жагсаагаад хамгийн өндөр оноотой 5000 хүн тэнцэнэ гэх зарчмыг  баримтална.

-Бүртгэлийн хураамжийн хэмжээ өөрчлөгдсөн үү?

-БНСУ дэлхийн 20 гаруй орноос ажиллах хүч авдаг. Тухайн орнуудад бүртгэл хийх, шалгалт авах зарчмаа нэгэн адил боловсруулдаг юм билээ. Өмнөх жил бүртгэлийн хураамж 17 ам.доллар байсан бол энэ жил 24 ам.доллар болсон. Энэ дүн  ажиллах хүч авдаг дэлхийн бусад улсуудад мөн адил байгаа. Уг нь бүртгэлийн хураамжийг  нэмэхгүй байх талаар манайхаас санал оруулсан ч зах зээлийн  журмаараа явж байгаа үндэслэлтэй тооцоо гэж Солонгосын талаас мэдэгдсэн гэв.

Монгол Улс ажиллах хүч илгээх ажлыг  долоо дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Өнгөрсөн жил шалгалтад тэнцсэн 3100 хүнээс одоогийн байдлаар 2134 хүн ажлын  байран дээрээ ажиллаж байгаа бол 866 хүн Солонгосын  Хөдөлмөрийн биржид нэр нь байршаагүй байгаа аж. Харин 137 хүний материал алдаа заасны улмаас буцаагдсан бол 10 хүнд ажиллах боломжгүй гэх хориг тавьсан байна. Ирэх жилээс гадаад улс оронд ажиллах хүч илгээх ажлыг жилийн турш явуулдаг системд шилжих талаар ярьж байгаа аж. Энэ нь олон нийтэд чирэгдэл учруулахгүй, шалгалтандаа хангалттай бэлдсэн хүн хүссэн үедээ шалгалтаа өгөх  давуу талтай юм  байна.

Бүртгүүлэх хүсэлтэй иргэд дараах байдлаар мэдээлэл авч болно

БНСУ-д ажиллах иргэд болон өмнө нь "Гадаадад ажиллах хүч илгээх төв" ХХК-д бүртгэлтэй иргэд холбогдох мэдээ, мэдээллийг "Хөдөлмөрийн төв бирж"-ийн www. labornet. mn буюу www .hudulmur.mn  веб сайтын баруун дээд буланд байрлах "БНСУ-д ажиллах" гэсэн цэснээс авч болох юм байна. Мөн  тус веб сайтын "онлайн туслах" болон 70121285, 1287 лавлах утсаар  тодорхой мэдээлэл авах боломжтой. Хөдөлмөрийн төв бирж Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хорооллын Номун хотхоны 39-р байр Орос  3-р сургуулийн зүүн талд шинээр баригдсан 13 давхар ногоон саарал байранд байрлаж байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж