
УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших хуралдаан 15.00 цагт зарлагдсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс одоо хэр нь эхлээгүй байна. Хуралдааныг даргалагч УИХ-ын дэд дарга Н.Энхболд гишүүдийг яаралтай чуулганы танхимд хүрэлцэн ирэхийг хүслээ. Хэрэв гишүүдийн ирц бүрдэхгүй бол Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураах боломжгүй болох юм.
Уг нь баасан гаригийн үдээс хойшхи хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилдэг ч өнөөдөр зарласангүй. Учир нь Ерөнхий сайд С.Батболд айлчлалаас буцаж ирээгүй байгаа тул гишүүдийн ирц харгалздаггүй Засгийн газрын цагийг зарлах боломжгүй байна. Одоогоор чуулганы танхимд Ч.Улаан, Х.Жекей, Ц.Мөнх-Оргил, Д.Одбаяр, Д.Зоригт, З.Энхболд, Ц.Баярсайхан, Х.Бадамсүрэн, С.Бямбацогт нарын гишүүд л хүрэлцэн ирсэн байна.
Г.Дарь