
Түүний илтгэлд дурдсанаар өнөөдөр дэлхий дахинд захиргааны шинэчлэлт ид болж байгаа ажээ. Өөрчлөлт, шинэчлэлтийн хурд ч өмнөх зуунуудаас хэд дахин эрчтэй болжээ. Өнөөг хүртэлх нийгэмд хууль тогтоож, баталсан хуулиа дагаж мөрддөг зарчим үйлчилж ирсэн бол цаашдаа аливаа нөөц боломжийг ашиглаж үр дүнд хүрэхийг эрхэмлэх болсон байна. Одоо бид хуулийг дээдэлдэг бол шинэ тогтолцоогоор хуулийг дээрээ залах бус эзэмших шатанд гарах ажээ. Ерөнхийдөө 1990-ээд оноос хойш Засгийн газрын эрин үе аажмаар дуусч байгаа гэж судлаачид үзэх болжээ. Засгийн газарт итгэх итгэл зөвхөн манайд бус аль ч улс оронд суларч байгаа нийтлэг үзэгдэл илэрчээ. Нүсэр бүтэц бүхий халамжлагч төрийн эсрэг кампанит ажил хаа сайгүй өрнөж, мэдээллийн шинэ технологийн эрс хөгжил, цахим мэдээлэл үүнд нөлөөлөх болсныг илтгэгч тэмдэглэв. Аль ч улсад энгийн үед төр, засгаас зай барьж, зөвхөн аюул тохиосон үед л ханддаг жишиг тогтжээ. Төрийн захиргаа гэдэг ойлголт хуучирч нийтийн захиргааны хэлбэр рүү шилжих болсон байна. Нийтийн захиргааг хөгжүүлснээр авлига буурч эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц зэрэг хүнд чиглэсэн салбар түлхүү хөгжих бололцоо бүрдэх ажээ.
Тиймгүйгээс өнөөдөр Монгол Улс дэд бүтцийн хөгжлөөрөө дэлхийд Самоли, Суданы өмнө, араасаа гурав орчимд гэлдэрч яваа юм байна. Эрүүл мэндийн салбарын хөгжил ч сайнгүй. Түүнээс гадна шинэ зуунд аливааг хурдаар хэмжих болжээ. Нэг компани шинээр байгуулахад АНУ-д хоёр цаг, Монголд 45 хоног, Египетед 90 хоног шаардлагатай гэнэ. Нийтийн засаглал хөгжсөнөөр хүний төлөө үйлчилгээ сайжрах юм байна. Форумын үр дүнд үндэсний судлаачдын сүлжээ байгуулж уламжлал болгон хийж байхаар болов.
Төрийн захиргааны шинэчлэлтийн талаар болсон энэ сонирхолтой форумд харамсалтай нь урилга заллага авсан Төрийн албаны зөвлөлөөс төлөөлөгч ирсэнгүй.