Машинаараа дамжиж, хариуцлагыг өмчлөгч хүлээнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

Машинаараа дамжиж, хариуцлагыг өмчлөгч хүлээнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгалаа.

Анх өргөн баригдсан төслөөр жолооч бүрийг заавал даатгалд хамруулахаар тусгасан байсан ч ажлын хэсгийн төвшинд үүнийг өөрчилж, тээврийн хэрэгслийг даатгалд хамруулахаар болсон юм. Гэвч тээврийн хэрэгслээ дагаад өмчлөгч бусдын өмнөөс хариуцлага хүлээж мэдэх зөрчил үүсчээ. Тухайлбал, автобус компаниудаар жишээ татвал өмчлөгч нь жолооч бус, тухайн компани байдаг. Тэгтэл автобусны жолооч осол гаргаж, хүний амь эрсдүүлбэл яах вэ. Энэ тохиолдолд одоогийн төслөөр автобус компанийн өмчлөгч хариуцлага хүлээх болж байна. Мөн УИХ-ын 76 гишүүн бүгд тус тусын жолоочтой. Авто машин нь харин гишүүдийн нэр дээр өмчлөлтэй. Жолооч аваар хийхэд УИХ-ын гишүүн бас л хариуцлагыг өмнөөс нь хүлээнэ. Танил тал хамаатан садандаа авто машинаа бариуллаа, тэр этгээд осол үйлдвэл бас л өмчлөгч дээр хариуцлага бууна. Ийм тодорхой жишээнүүд байхад жолоочийг бус тээврийн хэрэгслийг даатгалд хамруулна гэсэн нь нэг талаараа өрөөсгөл,  гарах гарцгүй болгож байна гэсэн асуудлыг гишүүд хөндлөө. УИХ-ын даргын зүгээс хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болоод Хууль зүйн байнгын хорооны гишүүд төсөл дээр сайтар ажиллаж, эдгээрийг нарийвчилж зохицуулахгүй бол болохгүй нь байна шүү гэдэг зөвлөмжийг өглөө.

Цайны цаг болсон тул чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулж үдээс хойш зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалтаа үргэлжлүүлэх боллоо. Чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж