АНУ Бин Ладены залгамжлагчийг “агнах”гэнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

АНУ Бин Ладены залгамжлагчийг “агнах”гэнэ

АНУ Аль-Кайдагийн толгойлогч Осамха Бин Ладеныг устгасан шиг алан хядах бүлэглэлийн шинэ залгамжлагч болсон Айман Аль-Завахириг ч мөн мөшгиж эхэлсэн гэж Вашингтоны цэргийн том тушаалтан мэдэгдсэн байна.

Адмирал Майк Мюллен Аль-Кайдагийн аюул заналхийлэл үргэлжилсээр байгааг онцолжээ. Айман Аль-Завахириг Аль-Кайдагийн шинэ удирдагч, Осама Бин Ладены залгамжлагч болсон тухай мэдэгдэл алан хядах бүлэглэлийн вэб сайтад гарсны дараа АНУ-ын засаг захиргаа дээрх мэдэгдлийг гаргаж байгаа юм. 

Завахири Аль-Кайда бүлэглэлд Бин Ладены дараа орох эрх мэдэл, нөлөөтэй байсан ажээ. Тэрбээр Осама Бин Ладены баруун гар байсан гэж АНУ-ын тусгай албаныхан үзэж байгаа юм. Өндөр боловсролтой Египетийн хэт даврагч тэрбээр 1990-ээд оноос эхлэн Бин Ладены зөвлөхөөр ажиллаж АНУ-ыг Саудын Арабаас цэргээ гаргахыг шаардаж, Кашмираас Палсетин хүртэлх лалын шашинтнуудыг турхирч байжээ.

Харин ажиглагчид түүнийг Саудын Арабаас Персийн булан дахь алан хядах бүлэглэлүүдийг удирдахад Бин Ладен шиг эрх мэдэлтэй болно гэдэгт эргэлзэж байгаа юм. Аль-Кайдагийн мэдэгдэлдээ Завахири АНУ-ын эсрэг лалын ариун дайн зарлаж, Исламын газар нутгийг чөлөөлөх тухай дурьдсан ажээ.

Завахириг 2001 онд АНУ-ын ихэр цамхгийг унагаасан есдүгээр сарын 11-ны халдлагын гол зохион байгуулагч, тархи нь байсан гэж үздэг юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж