“МанЮ” залуу довтлогч Х.Хернандезийг багтаа элсүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

“МанЮ” залуу довтлогч Х.Хернандезийг багтаа элсүүлнэ

Английн Премьер лигийн “Манчестер Юнайтед” клуб “Чивас Гвадалахара” клубт хүчин зүтгэж буй Мексикийн залуу довтлогч Хавьер Хернандезтай гэрээ байгуулахаар болжээ. Төрөлх нутагтаа “Чичарито” нэрээр алдаршсан 21 настай Хернандез долдугаар сарын 1-нээс эхлэн “МанЮ”-д харьяалагдах гэнэ. Харин гэрээний үнийн талаар нууцалж байна. Хернандез болон “Улаан чөтгөрүүд” энэ долоо хоногт уулзаж, гэрээний нөхцлийг талууд зөвшөөрсөн бөгөөд Хернандез эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байна. Гэрээний дагуу “МанЮ” 2010/11 оны улирлын тоглолтын өмнө бэлтгэл базаах зорилгоор Мексикт зочилж, 45 мянган хүний суудалтай Чивас цэнгэлдэхэд “Гвадалахара” клубтэй тоглох ажээ.
Хавьер Хернандез Мексикийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, дөрвөн тоглолтод оролцохдоо дөрвөн гоол оруулсан бөгөөд 2010 оны ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох нь эргэлзээгүй юм. Түүнийг эгнээндээ элсүүлэх болсон талаар Сэр Алекс Фергусон “Чадварлаг залуу тоглогчийг багтаа авчрахаар Чивастай хэлэлцээр хийж чадсандаа баяртай байна. Клубынхээ төлөө, шигшээ багийнхаа төлөө чухал үүрэг гүйцэтгэсэн Хернандез манай бүрэлдэхүүнд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Бид анхны мексик тоглогчоо энэ зун хүлээж авах болно. Түүнчлэн бид анх удаагаа Мексикт зочилж, тоглох гэж байгаад сэтгэл хангалуун байна” гэжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж