Ерөнхий прокурор тайлбар хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.15-нд нийтлэгдсэн

Ерөнхий прокурор тайлбар хүргүүлжээ

ОХУ-ын хөрөнгө оруулалттай “Алтан Дорнод Монгол” ХХК-ний захирал С.В.Паушокийн  татвар төлөхөөс зайлсхийсэн,  шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай асуудлаар Ерөнхий прокурор Д.Дорлигжав УИХ-ын даргад тайлбар хүргүүлсэн байна. Учир нь  Ерөнхий прокурор Д.Дорлигжав илтэд эрүүгийн бус, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үйлдлийг хуульд заасан бүрэн эрх, үүргийн дагуу шийдвэр гаргасныг мушгин гуйвуулж гүтгэлэгийн чанартай мэдээллүүдийг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр гаргах болсон тул Улсын Их Хуралд энэхүү тайлбарыг хүргүүлсэн байна. Уг тайлбарт,

“Алтан Дорнод Монгол ХХК нь 2007-2008 нөхөн татвар, төгрөгийн хүү, торгууль, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварт нийт 127 тэрбум 770 сая 848 мянган төгрөгийн төлбөртэй болох нь татварын улсын байцаагч, Шүүх нягтлан бодох бүртгэлийн магадлах товчооны шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Тус компани нь “Магнай трейд” ХХК-нд шатах тослох материалын үнэ 413.2 сая, үл хөдлөх хөрөнгийн татварт 18.5 сая, өөрийн компаний 368 ажилчдын цалинд 349.7 сая, нийгмийн даатгалд 140.6 сая төгрөгийн өртэй бөгөөд үүнийг шүүх хэлэлцэж шийдвэрлээд хариуцагч нар төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа тул эвлэрлийг баталж захирамж гаргаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн байна. Нийслэлийн прокурорын газраас “Алтан Дорнод Монгол” ХХК-ний гүйцэтгэх захирал С.В.Паушок нь Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлд заасан “Татвар ногдох орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуух, тэдгээрийн тоо хэмжээг зориуд бууруулан мэдээлэх зэргээр албан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн үйлдэл тогтоогдоогүй байна” гэж өнгөрөгч тавдугаар сарын 17-ны өдрийн 88 тоот тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгожээ.“Алтан Дорнод Монгол” ХХК нь санхүүгийн тайлангаа тогтоосон хугацаанд нь үнэн зөв гаргаж татварын байгууллагад хүргүүлдэг байсныг татварын улсын байцаагчийн мэдүүлэг, Хууль зүй, Дотоод хэргийн яамны харъяа Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх нягтлан бодох бүртгэлийн магадлах товчооны шинжээчийн дүгнэлтээр батлагдсан байна. Мөн нийслэлийн Прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосонд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдоос дээд шатны прокурорт ямар ч гомдол, хүсэлт гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдээгүй байхад иргэний журмаар хэлэлцэхгүй” гэж заасан байдаг тул прокурор эрүүгийн хэргийг шуурхай шийдвэрлэж, өр төлбөрийг цаг алдалгүй шийдвэрлүүлэх боломжийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон бусад байгууллагуудад олгосон болно” гэжээ.

С.Отгон

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж