Оюутолгойг хэрхэн мөнгөний машин болгохоо Фрийдланд ингэж ярьжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.15-нд нийтлэгдсэн

Оюутолгойг хэрхэн мөнгөний машин болгохоо Фрийдланд ингэж ярьжээ

Оюутолгой төслийг хамтран хэрэгжүүлэгч “Айвенхоу Майнз” компанийн захирал Роберт Фрийдландын футболкны бизнесийн санаа хэрхэн хэрэгжиж, том төсөл болсонтой холбоотой сонирхолтой баримтуудыг “Mining Watch Canada” сайтад нийтэлснийг орчуулан хүргэж байна.

Ванкувер хотод төвтэй “Айвенхоу Майнз” компанийн захирал Роберт Фрийдланд 2005 онд Флоридад болсон хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт дээр Өмнөговийн алт, зэс, нүүрсний асар их нөөцтэй Оюутолгой ордод түшиглэн “мөнгөний машин үйлдвэрлэх” аварга төслөө танилцуулж байжээ. Фрийдланд санаагаа илүү үнэмшилтэй болгохын тулд “Монгол улс Францаас гурав дахин, Техасаас хоёр дахин том газар нутагтай, 2.6 сая хүн амтай. Харин бидний хайгуул олборлолт хийх 135,000 км/кв бүхий талбай уул уурхайн үйлдвэрлэл явуулах хамгийн том газар” гэж ярьж байжээ. 

Фрийдманд тэр үед Монголын Засгийн газартай тогтоосон “сайн харилцаа” болон маш бага хэмжээтэй татварын талаар ярихаа мартаагүй билээ.

“Монголын улстөрчид бидэнд их тусалж байна. Ерөнхийлөгч нь Канадад айлчиллаа. Бид Пол Мартинтай /Канадын худалдааны сайд асан/ уулзаж, Монгол-Канадын хооронд давхар татвараас чөлөөлөх чөлөөт худалдааны гэрээ байгуулсан юм. Бид ногдол ашгаас ямар ч татвар төлөхгүй байхаар тохиролцож, Монголын Засгийн газартай манай хувьцаа эзэмшигчдийг эрсдэлээс хамгаалах маш чухал, урт хугацааны гэрээ байгуулсан. Татварын хэмжээг тав эсвэл зургаан хувь гэж тооцвол бид “Грасберг”-ийн /Индонезийн алт зэсийн том уурхай / олж байгаагаас илүү их ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ өгөх болно” гэж тэрбээр ярьсан юм.

Фрийдланд хэрхэн мөнгө олох тухайгаа ингэж тайлбарласан байна.

Тэрбээр олборлолтыг саалийн үнээ гэж тодорхойлсон юм. “Олборлолтын өртөг өндөр гэж айх хэрэггүй. Нэг тонн шороог ухаж гаргах өртөг дунджаар нэг юмуу хоёр ам.доллар болно. Хэрэв нэг тонн шороог боловсруулахад гурав, дөрвөн ам.доллар гэж үзвэл нэг тоннын үйлдвэрлэлийн  нийт өртөг тав, зургаан ам.доллар болж байна. Тэгэхээр гурав, дөрвөн ам.долларын зэсийг  100 ам.долларын чулуу болгоно гэдэг сайхан хэрэг биш гэж үү? Хэрэв таныг футболкны бизнес эрхэлдэг байлаа гэж бодоход таван ногооны өртөгтэй барааг 100 ам.доллараар худалдахтай адил”. 

Уул уурхайн  ажлын өртөг маш бага. “Таны харж буй эдгээр ачааны аварга том машинууд мөнгийг тонн тонноор нь ухаж гаргаж ирэх юм. Уул уурхай бол өөрөө ажиллагч шүү дээ. Бүх юм автомат. Хүүхдүүд үүнийг дээрээс нь удирдлагаар нь хянаж байх болно. Газар доогуур хүн оруулах ямар ч шаардлага гарахгүй.”

“Чулуун нүүрс бол мөнгөний өөр нэг машин. “Нүүрс бол асар их үнэ хүрэх хар түрс гэсэн үг. Харин бид тэр зүйлийг ухаж гаргаад, өмнөд рүү зөөхөд алт хайж тэнүүчилснээс илүү их ашиг олно. Нэг тонн нүүрс олборлох өртөг нэг ам.доллар. Хэрэв нэг тонн нүүрсийг 100 ам.долларын өртөгтэй гэж үзвэл нэг унци алттай тэнцэнэ. Харин чулуун нүүрсийг алт шиг ухаж, угааж, шүүх хэрэггүй. Үүнд ямар ч ажиллагаа орохгүй.  Бидний хийх зүйл бол хятадуудын хийж байгааг дагах. Нүүрсийг Монголоос тээвэрлээд Хятад руу зөөнө” гэжээ.

Эцэст нь Фрийдланд Монголын  говьд учирч болох саад бэрхшээлийн талаар ярьжээ. “Говьд юу хамгийн сайхан бэ гэвэл тэнд ямар ч төмөр зам байхгүй.  Иргэншил, байшин, барилга, байгаль хамгаалах байгууллага байхгүй. Тиймээс говь бол  хотжилтод хор уршиг тарихгүйгээр хог хаягдал хаяж болох асар том хоосон газар.” Хэрэв Фрийдландын футболкноос 95 хувийн цэвэр ашиг олох тухай хэтрүүлэгтэй илтгэлийг тухайн үед монголчууд сонссон бол уурссандаа түүний цаасан малгайг авч хаях байсан нь гарцаагүй. 2008 онд “Айвенхоу Майнз” “Рио Тинто”-г олж Оюутолгой төслийг хамтран хэрэгжүүлэх гэрээ байгуулсан авч Фрийдланд  Монголын Засгийн газартай тохиролцох гэж удсан билээ.

Фрийдланд УИХ-аас гаргасан алт, зэсийн экспортод тавьсан гэнэтийн ашгийн татвар болон Засгийн газрын эзэмшлийн 50 хувийг хүлээн зөвшөөрөхгүй байсан юм. Уул уурхайн олон улсын аварга компаниудын эсэргүүцэлтэй тулгарснаас  энэ төсөлд улс төрийн хөндлөнгийн оролцоо бий болсон тухай яриаг “Wikileaks”  2008 оны нэгдүгээр сарын 11-нд Улаанбаатар хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны утаснаас “олж мэджээ”. Үүний дараа 2008 оны нэгдүгээр сард Канадын худалдааны сайд Дэвид Эмерсон Улаанбаатар руу ниссэн байна. Тэрбээр Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Канадын уул уурхайн салбарынхны сонирхолд хөшүүн хандаж байгаад санаа зовж буйгаа илэрхийлж, байгалийн баялгыг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг алдаж байна гэж мэдэгдэж байжээ. Тухайн үед Монгол улсын Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, болон Хууль зүй дотоод хэргийн сайд нар Монголын иргэд байгалийн баялгаа ашиглах сэтгэл зүйн бэлтгэлгүй гэж үзэж, ард иргэдийн дунд байгалийн баялгаас ашиг олохгүй гэдэг болгоомжлол газар авч байжээ. Эмерсон тэр үед Монголын хөшүүн Засгийн газрыг төслийг хэрэгжүүлэхэд ятгахаар уул уурхайн компанийн удирдлагуудтай уулзсаныг “Wikileaks” олж “уншжээ”. Харин тэдгээр уул уурхайн компаниуд Канадад АНУ, Их Британи, Япон, Австрали болон Герман зэрэг орныг Оюутолгой төсөлд татан оруулахыг ятгасан байна. Эмерсоны айлчлалын үеэр Монгол-Канад хоёр улс хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах гэрээ байгуулж, 2008 онд Канад Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн билээ.

2009 онд “Айвенхоу Майнз” Монголын Засгийн газартай урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 2010 оны гуравдугаар сарын 31-нд Засгийн газар Оюутолгой төслийг хэрэгжүүлэх “Айвенхоу Майнз”, “Рио Тинто”-той хамтарсан хөрөнгө оруулалтын гэрээг хүлээн зөвшөөрсөн юм.

Засгийн газар УИХ-ын өмнөх зөвшилцөл, “Айвенхоу Майнз”-аас гаргасан төслийн техник эдийн засгийн үндэслэлийг үл харгалзан Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээг зөвшөөрснийг Монголын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл  буруутгасан. Тус зөвлөл нь уул уурхайн төслийг хэрэгжүүлэхэд зөвшөөрөл олгодог техникийн зөвлөл юм. 2010 оны дөрөвдүгээр сарын 1-нд Канадын “NCP” байгууллагад Монголын Хүний эрх, хөгжил төв, Иргэдийн холбоо, Эрс шинэчлэл хөдөлгөөн, Соёмбо хөдөлгөөн зэрэг төрийн бус байгууллага Оюутолгой төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай усны нөөцийг харгалзан үзээгүй, техник эдийн засгийн үндэслэл нь шаардлага хангаагүй гэсэн эсэргүүцлийн мэдэгдэл гаргажээ.

Харин Канадын “NCP” дээрх эсэргүүцлийн хариуд “Уул уурхайн ашиглалтын явцад байгаль орчны нөхөн сэргээлт хийх нь зайлшгүй чухал. Харин нөөцийн ашиглалт, усны зөв менежментийн асуудалд Монголын Засгийн газар хариуцлага хүлээнэ” гэж мэдэгдсэн байна. 

Н.Энх

Эх сурвалж: www.miningwatch.ca

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж