
Энэ удаагийн саналын томъёололд нэр дэвшигчдэд хамаарах асуудал зонхилох хувь эзэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Энхбат, Э.Мөнх-Очир нар сонгуульд нэр дэвшигчийн тухай нэгдсэн номыг улсаас зардал гарган хэвлэж, өрх бүрт тараах санал гаргасныг гишүүд дэмжлээ. Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд маргаан дэгдээсэн юм. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй улстөрийн 17 нам байна. Тэр бүгдээс нийт 1000 хүн сонгуульд нэр дэвшлээ гэхэд тэдгээрийг ном болгон хэвлэхэд улсаас асар их хөрөнгө гарч таарна. Энэ нь нэг ёсны татвар төлөгчдийн мөнгө. Тиймээс зардал нь тодорхой болсон цагт дэмжих эсэхээр санал хураалт явуулах ёстой” гэсэн юм.
Харин санал гаргасан УИХ-ын гишүүн З.Энхболд “Сонгуулийн сурталчилгаа бол мөнгөний уралдаан болчихсон учраас үүнийг нэг талдаа цэгцлэх зорилгоор ийм санал оруулж ирсэн. 1000 нэр дэвшигч айл бүрийн хаалга тогшиж, ном, палкат тарааж байснаас нэгдсэн зохион байгуулалтаар нэг ном гардуулчих нь мөнгө хэмнэнэ. Эцсийн дүндээ энэ их мөнгө монголчуудын л мөнгө. Нэр дэвшигчээс мөнгө гаргасан ч, намаас мөнгө гаргасан ч, энэ бүхэн ижил. Ер нь бид сонгуулийг улстөрч талаас нь хардаг. Үнэн хэрэгтээ төрийн эрх барих дээд байгууллагыг байгуулах гэж байгаа учраас төр нэг удаа мөнгө гаргачихад буруудах зүйлгүй” гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Д.Энхбат”Нийтдээ 500 мянган өрх байгаа гэж бодоод нэг ширхэг ном 10 мянган төгрөгийн үнэтэй хэвлэлтээс гарахад улсаас нэг тэрбум төгрөг л зарцуулна. Нөгөө талаас нэг сая орчим сонгогч системтэй мэдээлэлтэй болно. 1000 нэр дэвшигч ном хэвлээд, айл бүрийн хаалга тогшоод бүх юмыг бужигнуулж явахын оронд энэ номыг сонгууль болохоос 18 хоногийн өмнө өрх бүрт тараачихвал маш олон асуудал цэгцэрнэ. Бид аль болох мөнгөний сонгууль хийхээс зайлсхийж байгаа биз дээ” гэсэн юм.
Ингээд гишүүдийн дунд дээрх асуудлаар санал хураалт явуулахад олонхи нь дэмжлээ. Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан цөөнх болж байр сууриа хамгаалав.
Мөн энэхүү төсөлтэй холбоотойгоор гаргасан бас нэг сонирхол татахуйц заалт бол нэр дэвшигч сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж авсан бол хариуцлага хүлээлгэх тухай байв. Гэвч эсрэг талаас нь санаатайгаар дээрх үйл ажиллагааг зохион байгуулсан байвал яах вэ. Энэ тохиолдолд нэр дэвшигчид хариуцлага хүлээлгэнэ гэдэг хүндрэлтэй гэж үзэв. Түүнчлэн энэхүү саналтай холбогдож гарсан мөнгө тараасан нэр дэвшигчийн талаарх мэдээллийг тав дахин нугалж худалдаж авах тухай заалтыг ажлын хэсгийн төвшинд эргэн нягталж байнгын хорооны хуралдаанд оруулж ирэхээр боллоо. Ийм төрлийн мэдээллийг тав дахин өндөр үнээр худалдаж авсан нөхцөлд мөнгөний сонгууль болохоос аль болох хязгаарлаж чадах ч гэлээ хөрөнгийг нь улсаас гаргах тохиолдолд төр хохирол амсана. Тийм учраас тав дахин нэмэгдүүлж олгоно гэсэн заалтыг эргэж нягтлах ёстой гэсэн байр суурьтай гишүүд багагүй байсан юм. Харин УИХ-ын гишүүн З.Энхболд “БНСУ-д 1960-1970-аад оны үед мөнгөний сонгууль явагдаж, халаасны улстөрчид сонгогдоод байсан тул үүнийг хязгаарлах зорилгоор сонгогчдод мөнгө тарааж санал хураалтыг худалдан авсан тохиолдолд тав дахин нугалж өгөх мөнгийг, мөнгө тараасан этгээдээс буцаан төлүүлэхээр болж, Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулсан үеэс мөнгөний сонгууль хийхээ больсон байдаг. Тийм учраас энэхүү бэлэн заалтыг ашиглахад буруудах зүйлгүй” гэв. Дээрх заалтыг ажлын хэсгийн төвшинд дахин хэлэлцэхээр болж, нээлттэй үлдээлээ.
Тус байнгын хорооны хувьд ажлын хэсэг болоод УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар саналаа хурааж дууссанаар, ийнхүү анхны хэлэлцүүлгийг дуусгалаа. Ингэснээр Монгол Улсын их хурлын Сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар маргааш хийх боломжтой боллоо. Гэхдээ одоо шийдлээ хүлээж буй чухал асуудал бол холимог тогтолцоон дотроо хэдэн хувь нь пропорцианаль, хэдэн хувь нь можариатор байх, түүнийг дагасан тодотголуудыг хуульд тодорхой тусгах тухай юм. Эдгээр заалтууд дээр парламентад төлөөлөлтэй улстөрийн намууд зөвшилцөх ёстой болж буй юм.