
ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 30 жил, ХДХВ/ДОХ-ын асуудлаар НҮБ-ын Ерөнхий ассамблейн тусгай хуралдаан болсноос хойш 10 жилийн дараа энэ удаагийн чуулга уулзалт болжээ. Уулзалтаас тунхаглал хэлэлцэн баталж түүнд ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжихыг зогсоох, 2015 оны байдлаар ретровирусын эсрэг эмчилгээнд хамрагдах хүний тоог 15 саяд хүргэх, ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүс сүрьеэ өвчнөөр нас барах тохиолдлыг 50 хувиар бууруулах зэрэг зорилт тусгасан юм байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун илтгэлдээ НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс дэвшүүлсэн халдварын шинэ тохиолдлыг тэглэх, ялгаварлан гадуурхалтыг зогсоох, ДОХ-ын улмаас хүн нас барахыг тэглэх хэтийн зорилгод хүрэхийн тулд зоригтой алхам хийхийг улс орнуудад уриалжээ.
Монгол Улсын хувьд энэ оны тавдугаар сарын байдлаар ДОХ-ын халдвартай хүний тоо албан ёсоор 95 болж, хүн амын тоотой харьцуулбал 0,2 хувиас бага, бага тархалттай орны тоонд оржээ. ДОХ-ын халдварыг тогтоон барьж, бага тархалттай байгаа орнуудад ДОХ-ын эсрэг санхүүжилтийг бага өгч байгаа нь буруу гэдгийг Монголын төлөөлөгчид илэрхийлсэн байна.