“Дорнод нутаг”-ийн хүчтэнүүд бэлтгэлдээ гарлаа | News.MN

“Дорнод нутаг”-ийн хүчтэнүүд бэлтгэлдээ гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.15-нд нийтлэгдсэн

“Дорнод нутаг”-ийн хүчтэнүүд бэлтгэлдээ гарлаа

“Дорнод нутаг” клубын бөхийн болон сурын гал,  аймгийн хөл бөмбөгийн залуучуудын шигшээ баг тамирчдын бэлтгэл сургуулилтын нээлтийн ажиллагаа зургадугаар сарын 13-ний өдөр “Монгол шилтгээн”-д боллоо.  Уг арга хэмжээнд “Дорнод нутаг” клубын тэргүүн, УЗ-ийн дарга С.Отгонбаатар, Гүйцэтгэх захирал О.Гарам, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Болдбаатар, Б.Отгон, Чойбалсан сумын нутгийн зөвлөлийн дарга Д.Наранболд, ДОЗНХ-ны тэргүүн З.Болд нар хүрэлцэн ирсэн юм. Түүнчлэн Геологи, уул уурхайн яамны сайд асан Д.Рэнцэнханд, МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан, МҮБХ-ны цэцийн зөвлөлийн гишүүн, тэргүүн гарын даа н.Сэлэмбаатар, Монгол улсын гавьяат дасгалжуулагч, Дорнод нутаг галын зөвлөх дасгалжуулагч Г.Пүрэв-Очир, МҮБХ-ны улсын ахлах засуул Н.Жүгдэн нар уригдан ирсэн байлаа. 

Нээлтийн ажиллагааг МҮОНТ-ийн хөтлөгч Д.Батжаргал, “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин н.Манлай нар хөтлөн явуулж, Гандантэгчилэн хийдийн лам хуврагууд ном хуран, ЦДБЭЧ-ийн морин хуурч Б.Амарсайхан, уртын дуучин Д.Дугармаа, О.Оюун-Эрдэнэ нар ая дууны мэндчилгээ дэвшүүлэн, бөхчүүд, харваачид, тамирчдын  хийморийг сэргээсэн юм. 

Энэ өдөр болсон бэсрэг наадамд “Дорнод нутаг” галын 24 бөх зодоглосноос аймгийн заан П.Мөнхбат түрүүлж, аймгийн начин Х.Алтансүх үзүүрлэсэн бөгөөд эрхий мэргэн харваачид мөн энэ өдөр цэц мэргэнээ сорилоо.

“Дорнод нутаг” клубын залуус зургадугаар сарын 15-21-ний өдрүүдэд болох Аймгуудын цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Дорнод аймгаас ирсэн байгаа аж. Тэд энэ хугацаанд “Монгол шилтгээн” амралтад байрлан, бэлтгэл сургуулилт хийж байгаа бөгөөд энэ өдөр мөн Дорнод аймгийн  хөлбөмбөгийн шигшээ багийн  тамирчидтай нөхөрсөг тоглолт хийсэн юм. 

Улс тунхагласны 90 жилийн ойн баяр наадaм, аймгийн 80 жилийн ойгоороо Дорнод нутаг галын бөхчүүд хүч бяр ихтэй, харваачдын тавьсан сум нь мэргэн байх болтугай.

С.ГЭГЭЭН

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

"Болор дуран"-аар шалгав.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж